Хувийн зэвсэгт хүчний “Вагнер” компанийг үндэслэгч Евгений Пригожин агсаны хүү Павел Пригожин эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр болжээ. Энэ тухай хүү Пригожин Телеграм сувагтаа нийтэлсэн байна.
"Би “Вагнер”-ын командлалыг авсан бөгөөд тун удахгүй манай дайчид цэргийн тусгай ажиллагааны бүсэд буцаж очоод нацистуудыг устгана. Надаас өөр аавынхаа ажлыг үргэлжлүүлэх хүн байхгүй. Уй гашуудах цаг алга" гэж тэрбээр бичжээ. Хүү Пригожин эцгийнхээ үхэлд буруутай хүмүүсийг шийтгэнэ гэдгээ мөн амлав.
“Вагнер”-ын эзэмшдэг “Grey Zone” сувгийн мэдээлснээр, Павел Пригожин одоогоор Росгвардийн удирдлагатай хэлэлцээ хийж байна.
Эргэн сануулахад “Вагнер”-ыг үүсгэн байгуулагч Евгений Пригожин наймдугаар сарын 23-нд онгоцны ослоор Тверь мужид нас барсан юм.
Тэрбээр нас барахаасаа өмнө нилээд асуудалтай тулгарч байсан.
Вагнерын зарим удирдлагууд зэвсэгт дайчдын хамт өөр ижил компани руу явсан гэх мэдээлэл нэг биш удаа гарч байснаас гадна Батлан хамгаалах яам тэр дундаа Сергей Шойгутай ширүүхэн сөргөлдөж байв.
Өнгөрсөн 6-р сард “Вагнер” компани Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулахаас татгалзаж, Украйн дахь Оросын цэргийн тусгай ажиллагаанд оролцохоо цуцалсан гэж мэдэгдсэн юм.
Үүний дараа 6-р сарын 23-24-нд "Вагнер" зэвсэгт бослого гаргахыг оролдов. Үүний шалтгаан нь Батлан хамгаалах яам “Вагнер”-ын хээрийн баазад их бууны цохилт өгсөн гэж Пригожин мэдэгдсэн ч Батлан хамгаалах яам мэдэгдлийг эсэргүүцсэн.
Пригожины зэвсэгт хүчин хариугаа авна гээд “шударга марш” хийн Москва руу 200 км ойртсон байдаг.
6-р сарын 24-ний орой Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко түүнтэй хэлэлцээ хийсний үр дүнд вагнерчууд хээрийн хуарандаа буцсан байна.
Хожим нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Пригожин "Беларусь руу явах" тохиролцоонд хүрсэн бөгөөд “Вагнер”-ын гишүүдийг яллахгүй гэжээ. Мөн Пригожины эсрэг үүсгэсэн зэвсэгт бослогын эрүүгийн хэргийг хаасан юм.
Хэд хоногийн дараа буюу 6-р сарын 29-нд Владимир Путин Кремльд Евгений Пригожин болон Вагнерын командлагч нартай уулзсан тухай мэдээлэл гарсан юм.