2024 оны төсвийн төсөлд ипотекийн зээлийг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байна. Тодруулбал, ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөгийн багцыг тусгаж, төсөв батлагдсаны дараа дэлгэрэнгүй зарлах юм. Ялангуяа, хотын төвлөрлийг сааруулах, орон нутгийн иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмж оруулж өгч байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож, Улаанбаатар хотод 150 сая төгрөг байсныг 200 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр болжээ.
Ипотекийн зээлийн санхүүжилтийн 18 хувийг өмнө нь орон нутагт олгодог байсан бол ирэх жилээс 50 хувьд хүргэнэ. Орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлнэ. Үүнд зориулж 2024 оны төсвийн төсөлд хүүгийн татаасаар 16 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Хөдөө орон нутагт баригдсан нийтийн зориулалттай орон сууц түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө.
Эргэн сануулахад, өнгөрсөн онд ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх үүргийг УИХ-аас Монголбанканд өгсөн. Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гарсан ч асуудал шийдэгдээгүй. Монголбанк ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлж 3.6 их наядын эх үүсвэр гаргасан. УИХ-аас өгсөн чиг үүргийн дагуу Засгийн газраас Үндэсний ипотекийн корпорац гэх агентлаг байгуулахаар ажиллаж байна. Тус агентлаг байгуулагдах хүртэл Монголбанк хариуцна гэсэн үг.
Ипотекийн зээлд жилд 600 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байдгаас 350 орчим нь эргэн төлөгддөг. Тэгэхээр үлдсэн 250 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудал хөндөгдөж байна. Мөн Дэлхийн банк, Нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар ажлын хэсэг судалж байгаа мэдээллийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч дурдсан юм.
Орон нутагт шинээр барьсан нийтийн зориулалттай орон сууц борлуулсны орлогод ноогдох албан татварыг нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Дархан-Уул болон Орхон аймгийн төвийн суманд 2024-2026 онд 50, 2027-2029 онд 20 хувиар, эдгээрээс бусад аймаг, сумдуудад 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө.