ОХУ 2023 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Монгол, Хятад, Азербайжанд цахилгаан эрчим хүчээ нийлүүлэхээ зогсоож эсвэл багасгаж магадгүй байна.
ОХУ-ын Засгийн газар цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүнд экспортын татвар онгодуулах болсон нь ийм арга хэмжээ авах шалтгаан болсон тухай “Интер РАО” холдингийн төлөөлөгч Александра Панина мэдэгдсэнийг “Коммерсант” уламжлав.
Панинагийн хэлснээр, тус компанид нэмэлт зардал гарч байгаа тул эрчим хүчний бүтээгдэхүүний үнийг 7% хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар түншүүддээ мэдэгдсэн байна. Хэрэв худалдан авагчид үүнтэй санал нийлэхгүй бол “Интер РАО” холдинг нийлүүлэлтийн хэмжээг бүрэн зогсоох эсвэл хязгаарлахад бэлэн байна. Энэ нь Гүрж, Турк улсад ч нөлөөлж магадгүй аж.
ОХУ-ын Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр ЕАЭХ-ны /Евроазийн эдийн засгийн холбоо/ гадуур нийлүүлж буй барааны экспортод татварыг тогтоосон юм.
Тэрхүү татвар нь рублийн доллартай тэнцэх ханшаас хамаардаг бөгөөд 4-7% хооронд хэлбэлздэг. Цахилгаан эрчим хүчний салбарын хувьд энэ нь борлуулалтын зах зээлээ алдахад хүргэж болзошгүй гэнэтийн шийдвэр байв.
Хятад улс Оросын цахилгаан эрчим хүчний хамгийн том худалдан авагч юм. Өнгөрсөн жил “Интер РАО" Хятадад ойролцоогоор 4.7 сая мегаватт цаг (МВт цаг) цахилгаан нийлүүлж өмнө нь байгаагүй дээд үзүүлэтэд хүрсэн бол энэ жил Алс Дорнодод эрчим хүчний хомсдол үүссэний улмаас нийлүүлэлт багасжээ. Хятадын гаалийн статистикийн мэдээгээр, 2023 оны эхний найман сарын хугацаанд ОХУ Дундад улсад 117,9 сая ам.доллараар 2,7 сая МВт цахилгаан худалдсан байна. Монголд нийлүүлэх ашиг нь Хятадаас ч доогуур байгааг Интер РАО-гийн төлөөлөгч нэмж хэлэв. Тус компани Монгол Улсад 2019 онд 372 сая кВт.ц экспортлосон бол 2021-2022 оны мэдээллийг өгөөгүй байна.
Цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт тасалдах нь талуудад өөр өөр үр дагаварт хүргэнэ хэмээн шинжээчид үзэж байна.
ОХУ-ын хувьд энэ нь зах зээл, экспортын орлого алдагдахаас гадна дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдэд, ялангуяа Алс Дорнодод үнэ өснө гэсэн үг юм. Хятад, Монгол, Азербайжаны хувьд энэ нь цахилгаан эрчим хүчний хомсдолд орж, бусад хангамжийн эх үүсвэр хайх эсвэл өөрсдийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлага гарна гэсэн үг юм.