Монголбанк жил бүр ирэх онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслөө олон нийт болон мэргэжилтнүүдээр хэлэлцүүлдэг байна. Энэ жилийн хувьд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлж, санал бодлыг нь тусгажээ. Үүний дараа Монгол Улсад суугаа Олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөл, удирдлагуудтай уулзалт хийж, Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл, түүнд тусгагдсан зорилтууд, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон МБГ, НУСЗЗГ, ХШГ-ын удирдлагууд оролцов. Энэ үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн нөхцөл байдал болон ирэх онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн зорилтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Хэдийгээр Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, хямрал дууссан ч дэлхий дахин болон Монгол Улс инфляцын томоохон сорилттой нүүр тулсан хэвээр байна. Энэ утгаараа 2023 оны хувьд Төв банк мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ инфляцыг нэг оронтой тоонд барихаар тусгасан. Харин 2024 онд инфляцыг 6+/-2 хувийн интервалд барих буюу эдийн засгийн хувьд хэвийн үеийн инфляцын зорилт руугаа шилжиж 10/2/2023 байгааг онцоллоо.
Мөн банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд гадаадын банкны салбар, нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлснээр банкны салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, тогтвортой өсөлтийг хангах талаар төсөлд тусгасан. Цаашид эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах замаар дунд хугацааны инфляцын зорилтыг хангаж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогыг Төв банк баримтлан ажиллаж байна. Уулзалтад Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын удирдлагууд болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.