АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр энэ сарын 25-нд болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны VI дээд чуулганы үр дүнгийн талаар ярив. Нийт661 төлөөлөгчийн 50.8 хувийн саналаар Б.Жаргалан тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Түүнээс гадна нэр дэвшин өрсөлдсөн таван эмэгтэй мөн хэвлэлийн хуралд оролцсон юм. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн байсангүй. Энэ үеэр Б.Жаргалан “Нэр дэвшсэн бүсгүйчүүдийн мөрийн хөтөлбөрөөс авах санал олон байсан. Цаашид тэдэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн. Бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийг түлхүү ялуулах, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд тусгасан бүсгүйчүүдийн квотоос давуулж нэр дэвшүүлэх, намын удирдах байгууллагад оруулахад анхаарч ажиллана” гэв. АЭХ-ны сонгууль шударга бус болсон, нэр дэвшигч А.Адъяасүрэн мөнгө тараасан, мөн саналыг багцалж, хайрцагласан буюу урьдаас хэнийг сонгохоо тохирсон байсан гэсэн мэдээлэлд тэд тус тусын тайлбарыг өгсөн юм. Ажлын хэсгийн зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн бол нэр дэвшигч Д.Үүрийнтуяа “Бид уг сонгуульд оролцохын тулд 60 гаруй сая төгрөг төлсөн. Гэвч төлөөлөгчидтэй уулзах тэнцүү боломж нэр дэвшигч бүрт байгаагүй. Мөнгө тараасан асуудал гарсан, баримт бий.
Болсон асуудлыг бид дотооддоо ярьж, дахин ийм зүйл гаргуулахгүй байх ёстой. Ингээд сонгуулиа зааландаа үлдээгээд цаашаа хамтраад, хүчтэй баг болж ажиллая” гэв. АЭХ-ны сонгуулиар олны анхаарлыг хамгийн их татсан, шинэ салхи оруулна гэж хүлээсэн нэр дэвшигч болох Ц.Уянга “Буруутай, гажуудсан үйл явцын өмнө бид дүр эсгэх ёсгүй. УИХ-ын гишүүн, Баянхонгорын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн хүнд өнгөрсөн хугацаанд манлайллаараа хүлээн зөвшөөрөгдөх боломж нь байсан. “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон, эрх баригч намд зөвлөх хийж явсан, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талд байдаг хүн бол энэ асуудлаа шийдвэрлүүлснийхээ дараа л АН-ын ямар нэг албан тушаалд өрсөлдөх ёстой юм. Б.Жаргалан ч бас хайрцаглагдсан саналуудын нэг хэсэг. Нэг нэр дэвшигчид нь тав хоног, нөгөөд нь найман жил удирдлагаар нь ажилласан бүрэн баг, аппарат байсан. Ямар ч сонгуулийг тогтолцоо, бүтцийн хувьд ижил, тэгш гараанаас эхлүүлдэг болгож өөрчлөхгүй л бол АН нийгэмд реформ хийхүйц нам гэж харагдахгүй. Хамт ажиллах санал тавьж буйд баярлалаа. Гэхдээ ямар нэг албан тушаал санал болгож буй бол би орохгүй. Би чиний зөв, сайныг дэмжээд явна. Гэхдээ том шүүмжлэгч чинь байх болно. Хэрэв өнгөрсөн хугацаанд өөрөөсөө өөр манлайлагч гаргаж чадаагүй, ирэх сонгуульд сайн ажиллахгүй бол энэ албан тушаал чинь нэг жилийн л хугацаатай шүү” хэмээн хатуухан сануулав.