БШУЯ болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл өчигдөр уулзжээ. Уулзалтаар салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, үнэлгээ, цалин хөлсний талаар байгуулсан хэлэлцээрийн биелэлтийн явц хангалттай байгааг үнэлж, 2024-2025 оны хэлэлцээрийн төслийн талаар санал солилцсон байна. 2023-2025 оны Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлс, орлогын зохистой байдлыг хангах, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах асуудлыг салбарын хэлэлцээрт талууд тусгахаар болжээ. Түүнчлэн шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хууль, бусад дагалдах хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, хэрэгжүүлэхэд хамтран ажилласнаар үр дүнд хүрэхийг онцоллоо. Цаашид багш, ажилтны хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгааны талаар дээрх холбооныхонтой хэлэлцэн, шийдвэрлэхийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв.