Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Ганбат Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн ази болон Төв Азийг хариуцсан дарга Ноён Яннис Неофитоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ нь “Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээ”-г Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйтай холбогдсон уулзалт юм.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай 1991 оноос эхлэн Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, эрчим хүч, боловсрол зэрэг тэргүүлэх салбарт нийт 155.9 сая ам.долларын зээл, 320.1 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.
Хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээрийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ач холбогдолтойг онцолж, Биологийн олон янз байдал ба байгаль орчны хамгаалал, Тогтвортой эдийн засгийн хөгжил, Эрчим хүчний үр ашиг гэсэн гурван үндсэн чиглэлийг дэмжиж, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаа талаар хоёр тал харилцан сонирхол илэрхийллээ.