Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь сонслоо. Мөн “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2021 онд 43.6 их наяд төгрөг байсан бол энэ онд 62.4 болсон, ирэх онд 74 их наяд төгрөг байхаар төсөөлж буй аж. ДНБ ийнхүү өссөн нь “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг хэрэгжүүлсний үр дүн гэж үзжээ. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Монгол Улс экспортын таван төмөр зам, гурван коридортой болно. Ингэснээр зөвхөн баялгаа гадагш гаргах биш, олон улсын ачаа тээврээс мөнгө олох боломж бүрдэх юм. Дорнод аймаг Боомтын сэргэлтийн зүүн коридор учир төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аймгаас анхаарч ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд тэмдэглэсэн.
Иргэд тэтгэврийн зөрүү, малын хулгай, орон нутаг дахь шүүх, прокурорын байгууллагын хүнд суртал, “Петрочайна дачин Тамсаг”- ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсэх, уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт, хөдөө орон нутаг дахь соёл урлаг, спортын салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал зэрэг асуудлыг хөнджээ. Салбарын сайд нар холбогдох чиглэлээр иргэдийн асуултад хариулт өгөв. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна дачин Тамсаг” компанид өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлжээ. Ирэх оны төсөвт суулгах төслүүдэд иргэдээс санал авахад Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх, ДЦС-аас хотын төвийн дулааны магистраль шугамыг өргөтгөх төсөл, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын засварын зураг төсвийг эхний гуравт эрэмбэлсэн байна. Мөн Чойбалсан хот доторх болон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын их засвар, 1000 айлын орон сууцын хотхоны гадна дулааны шугам, Хэрлэн голын 217.6 у/м төмөр бетон гүүр, авто зам, Чойбалсан хотоос Баянхошуу боомт, Халхгол сум чиглэлийн 210 км авто зам, 240 ортой цэцэрлэг, 640 суудалтай сургуулийн барилгын төсвийг нэн шаардлагатай 10 төсөлд багтаалаа. Хотын ус хангамж, дулааны шугам сүлжээг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийг 2024 оны төсөвт суулгахаа Ерөнхий сайд хэлсэн. Мөн “Шинэ хөгжил” цогцолбор болон 12 дугаар сургуулийн барилгын өргөтгөл, орон сууцын дулааны шугам сүлжээ, Чойбалсан чиглэлийн авто замын хөрөнгийг шийдвэрлэхээр болов.