Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулганы хуралдаан өчигдөр болов. Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдэд нэр дэвших 30 хувийн квот олгосон, намын жагсаалтад хүйсээр сөөлжиж оруулах шийдвэр гаргасан цаг үед болж буйгаараа уг сонгууль ялгаатай, илүү өрсөлдөөнтэй байлаа. Учир нь АЭХ-г тэргүүлэх хүн ирэх сонгуульд намын жагсаалтын эхэнд нэрээ бичүүлж, УИХ-ын гишүүн болох мандатаа өвөртлөх юм. Холбооны тэргүүний суудлыг “дагалдаж” ирэх эрх ашиг үүнээс ч олон бий. Тиймээс үүний төлөө багагүй “хор найруулга” өрнөжээ. АЭХ-ны тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгууль өмнөхүүдээсээ хоёр зүйлээр онцлог байсан гэж болно. Өндийж босох, шинэчлэгдэх зорилго тавин ажиллаж буй АН-ынхан эмэгтэйчүүдийн байгууллагынхаа сонгуулийг шинэлэг, ардчилсан зарчмаар хийхийг эрмэлзжээ. Нэр дэвших сонирхолтой хүмүүст элдэв хаалт тавиагүй, мөн өрсөлдсөн бүсгүйчүүдээ олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулснаараа онцлог байв. Гэхдээ 60 сая төгрөгийн үндсэн хураамж буюу дэнчин авах “шалгуургүй шалгуур” тавьжээ. Үүнийг төлж дийлэх бол хэн ч нэр дэвших боломжтой байсан юм.
“НҮБ-ын Эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх “30-300” хөтөлбөрийг өнгөрсөн гурван жилд АЭХ-ноос хамтран хэрэгжүүлсэн. Хуралд оролцсон 800 эмэгтэй нь уг хөтөлбөрт хамрагдаж, Б.Жаргаланг дэмжихээр тохирсон хүмүүс” гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд түгэв. Санал хураах үйл явц эхлэхтэй зэрэгцээд нэр дэвшигч Ц.Уянга, Б.Пунсалмаа нарын зүгээс “Саналыг хайрцаглаж, багцалчихсан байна, сонгууль шударга болох ёстой” гэсэн байр суурь илэрхийлж эхэлсэн.
СТАНДАРТ БУС СОНГОЛТ
АЭХ-ны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АЭХ-ны дэд тэргүүн Б.Жаргалан, “М-ойл” группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа, АЭХ-ны Төв аймаг дахь салбарын тэргүүн Д.Эрдэнэсувд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Н.Одонгуа, “элийрэгч” хэмээх иргэн Ц.Уянга нар нэрээ дэвшүүлсэн юм. Сүүлийн хоёр эмэгтэй бол АН-д шинэ хүн. Тэд уг сонгуульд нэр дэвшүүлэх эрх олж авахын тулд багагүй тэмцжээ. Заавал Үндэсний бодлогын хорооны гишүүн байх, сүүлийн таваас доошгүй жил АН-ын шат шатны байгууллагад ажилласан зэрэг шалгуурыг Дотоод сонгуулийн хорооноос нь тавьсан юм байна. Ингэвэл шинэ хүн сонгуульд өрсөлдөж чадахгүй. Тиймээс дүрмээ өөрчилж, нээлттэй өрсөлдөх боломж бүрдүүлэхийг Н.Одонгуа, Ц.Уянга нар хамтран шаардсан байна. Н.Одонгуа энэ талаар “Эхэндээ намын бүх шатны байгууллагынхан найрсаг хүлээж аваагүй. Гэвч эцэст нь ардчиллын суурь зарчим дээрээ санал нэгдэж, дүрмээ өөрчилсөн. АН нээлттэй, ардчилсан байх зарчмаасаа ухраагүй байна” гэсэн юм. Нэр дэвшигчид дэнчингийн мөнгөө хандиваар цуглуулах боломжтой байсан. Тиймээс Ц.Уянга нийгмийн сүлжээгээр энэ тухайгаа зарлан “түргэн авхуулж”, түүнийг дэмжигчид чадлаараа хандив өгснөөр хугацаандаа багтан мөнгөө шилжүүлж чаджээ. Бусдад нь хандив авах шаардлага байгаагүй бололтой, олон нийтэд зарласан зүйл байсангүй.
Ардчилал, эрх чөлөөний үндсэн зарчим ганхаж, үүнийг хамгаалах үүргийг нийгмээс хүлээсэн АН дотроо зөрчилдсөн хүндхэн үед нь гишүүнээр элссэн Ц.Уянгад цөөнгүй хүн найдвар тавьж байсан юм. Тэр бол улс төрд шинэ, АН-д “нялх”. Гэвч бугширч, ужгираагүй, шинэ, сэргэг хандлага, сэтгэлгээгээр ажиллаж, хамгийн гол нь зоригтой өөрчлөлт хийж чадна гэж үзэж байв. Өөрөөр хэлбэл, нэг хэвийн байдлыг эвдсэн, стандарт бус сонголт байлаа. Нийгмийн сүлжээнд түүнийг “элийрэгч” гэдэг нэрээр нь сайн танина. Тэрбээр нийгэм, улс төрийн болж бүтэхгүй асуудлыг зоригтой шүүмжилж, хүний эрхийн зөрчлийн эсрэг тууштай үгээ хэлдэг эмэгтэй. Заримдаа үзэл бодлоо маш бүдүүлгээр илэрхийлдэг ч улс төрийн ертөнцөд “нухлагдаагүй”, нэг тийм зоримог зантай. Яг ийм байдал нь АН-д ч, АЭХ-нд ч шинэ салхи сэвэлзүүлж, зөв тийш нь өөрчлөхөөр “сэлэм эргүүлж” чадна гэсэн хүлээлт байсан юм. Ялангуяа эрэгтэй, сул гишүүд нь түүнийг их дэмжсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан М.Зоригт “Ц.Уянга бол нам шинэчлэгдэхэд их хэрэгтэй хүн. Гэвч энэ удаа тэр ялахгүй, аль хэдийн багцлагдсан саналуудыг худалдаж авч дийлэхгүй” хэмээн жиргэсэн байсан.
Н.Одонгуагийн үзэл бодол ч хөндлөнгөөс асуудлыг эрүүлээр харсан, шинэлэг, бас хайрцагт баригдаагүй байлаа. Тэрбээр “Эрэгтэй улстөрчдөөс эрчүүдийн төлөө юу хийх вэ гэж асуудаггүй. Тэднээс ямар бодлого баримтлахыг нь л асуудаг биз дээ. Би АЭХ-ны тэргүүн болбол эмэгтэйчүүдийн төлөө юу ч хийхгүй. Ардчиллын үнэт зүйлсийг түгээх, үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийн төлөө, хүний цогц хөгжлийг хангах чиглэлээр ажиллана” гэж ярьсан.
АН-ын 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон 800 эмэгтэйн олонх нь эрс өөр, стандарт бус сонголт хийх зориг гаргаж чадсангүй. Намдаа шинэхэн энэ эмэгтэйчүүд олонхын дэмжлэг авч чадахгүй нь анхнаасаа тодорхой байв.
А.АДЪЯАСҮРЭН ҮҮ, Б.ЖАРГАЛАН УУ
Нэр дэвшсэн бүсгүйчүүдээс дээрх хоёроос бусад нь улс төрийн хүрээнд тодорхой туршлага хуримтлуулсан хүмүүс байсан юм. Тэдэн дотор УИХ-ын нэг л гишүүн байсан нь А.Адъяасүрэн. Тэрбээр “Эмэгтэйчүүдийнхээ хүсэлт, “шахалт”-аар АЭХ-ны тэргүүний сонгуульд нэр дэвшиж байна” хэмээн ярьсан. Баянхонгор аймгаас сонгогдсон энэ эмэгтэйг Ерөнхийлөгч асан Х.Баттулга зүтгүүлж, АЭХ-ны тэргүүн болгохоор тохироо хийсэн тухай яриа уг хурлаас сар гаруйн өмнө л дуулдаж байв. “Нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдсон түүнийг АЭХ-ны тэргүүнээр сонгох нь шударга, зөв сонголт болохгүй. Хэдийгээр шүүхээр түүнийг буруутай, эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа ч аливаа хууль бус хэрэгт нэр холбогдсон хэнийг ч албан тушаал дэвшүүлэн “шагнадаг” жишиг байх учиргүй юм. АН-ын бүсгүйчүүд энэ өнцгөөс нь бүгд биш ч бодсон байх гэж найдна.
Мөн эдүгээ АЭХ-ны дэд тэргүүнээр ажиллаж буй УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан сонгогдох магадлал өндөр нэр дэвшигчийн нэгт зүй ёсоор тооцогдож байв. Нэр дэвшигчид дотроо хамгийн залуу буюу 1980-ад оны төлөөлөл хэдий ч улс төрд багагүй чанагдсан нэгэн. Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн, өөрийн гэсэн үзэл бодолтой, боловсролтой эмэгтэй. Эцгийнхээ нэрээр бус, өөрийн чадвар, чадлаар гарч ирж байгаа хэнтэй ч бид “барьцах” учиргүй юм. Тэгвэл “НҮБ-ын Эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх “30-300” хөтөлбөрийг өнгөрсөн гурван жилд АЭХ-ноос хамтран хэрэгжүүлсэн. Хуралд оролцсон 800 эмэгтэй нь уг хөтөлбөрт хамрагдаж, Б.Жаргаланг дэмжихээр тохирсон хүмүүс” гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд түгэв. “Элдэв шалгуур тавилгүйгээр, нэр дэвшигчдийг нээлттэй шалгаруулсан нь, тэднийг танилцуулах хэлэлцүүлэг хийсэн нь “жүжиг”. Бүх зүйл тодорхой сценараар өрнөж буй, хэн тэргүүн болох тохироог аль хэдийн хийчихсэн” гэх мэт Б.Жаргаланд хандсан сэтгэгдэл ч нэлээд байлаа. Өчигдөр албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдөж, АЭХ-ны тэргүүний албаа шилжүүлж өгсөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Залуу үеэ дэмжинэ” гэдгээ байнга хэлж байсан. Тэр залуу үе нь 2016 оноос хойш АЭХ-нд гар нийлэн ажилласан дэд тэргүүн нь гэх бодолтой хүн олон бий. Тэрбээр АЭХ-ны ерөнхийлөгч болбол намынхаа бүх удирдах шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нөлөөллийн ажил хийнэ. Ингэвэл ирэх сонгуулиар АН-ын, цаашлаад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт олон чимхлүүр асуудлаар өөр өнгө төрх нэмж чадна хэмээн үзэж буй юм билээ.
Д.Үүрийнтуяагийн хувьд АН-ын дарга асан С.Эрдэнийн хүн. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, хувьдаа завшсан хэргээр 2008 онд ял авч байсан билээ. Тухайн үед Д.Үүрийнтуяа түүний хамсаатан хэмээн ял сонсож, хожим нь өршөөлд хамрагдаж байв. Иймэрхүү бараан түүхтэй эмэгтэйг АЭХ-ны даргаар сонгох нь таатай зүйл биш. Д.Эрдэнэсувд, Б.Пунсалмаа нарын хувьд улс төрийн туршлага, мэдлэг, боловсролоор дутахгүй ч олонхын дэмжлэг авах магадлал бага байв. Нэр дэвшигч Д.Эрдэнэсувд “Орон нутагт зарим үйл ажиллагааг удаан хугацаанд үргэлжлүүлэхдээ өөртөө ашигтайгаар эргүүлсэн хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа ардчиллын эмэгтэйчүүд сонголтоо өөрийнхөөрөө хийнэ гэдэгт итгэж байна” гэсэн.
Юутай ч АЭХ-ны дээд чуулганы гол үйл ажиллагаа үдээс хойш эхэлж, сонгуулийг хэрхэн явуулахтай холбоотой дүрмийн өөрчлөлтөө баталжээ. 50+1 буюу ердийн олонхын дэмжлэг аваагүй нөхцөлд хамгийн олон саналтай хоёр хүний дунд дахин санал хураалт явуулахаар тохирсон байна. Үүний дараа долоон нэр дэвшигч тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцуулах болоход хурлыг хэвлэлийнхэнд хаалттай үргэлжлүүлсэн юм. Санал хураах үйл явц эхлэхтэй зэрэгцээд нэр дэвшигч Ц.Уянга, Б.Пунсалмаа нарын зүгээс “Саналыг хайрцаглаж, багцалчихсан байна, сонгууль шударга болох ёстой” гэсэн байр суурь илэрхийлж эхэлсэн. А.Адъяасүрэн, Б.Жаргалын нар дээр төлөөлөгч бүсгүйчүүд саналаа хэдийн хуваачихсан байна гэсэн яриа эрчимжив. Сонины дугаар шилжих мөчид АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гараагүй байлаа.