УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улстөрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улстөрч” булан нээж байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
“Нөхөр, хүүхдийнхээ дэргэд хийсэн бусармаг, завхай үйлдлийг айл гэр болгон жигших ёстой гэж бодож байна. Ийм үйлдэл нь үнэхээр ичгүүртэй гэдгийг ойлгох нь чухал.”
Энэ бол УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралтын хэлсэн үг. Парламентад сонгогдон ажиллаж буй 13 эмэгтэйн нэг түүний хувийн амьдралын талаар нөхөр нь есөн сарын өмнө олон нийтэд дэлгэсэн юм. Сонсоход ч эвгүйцмээр ёс зүйгүй явдлын талаар авааль нөхөр нь “шүгэл үлээх”-дээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хаацайлалгүй арга хэмжээ авч, хоёр хүүхдийг өөрт нь үлдээхийг хүссэн байна. “Эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүй учраас УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг цуцлуулж, адил тэгш байдлаар хандуулахын тулд энэ асуудлыг олны сонорт хүргэсэн” хэмээн тэрбээр тайлбарлажээ. Уг мэдээллийг нь Ч.Ундрам гишүүн ч, түүнтэй нэр холбогдсон, тухайн үедээ МУИС-ийн ШУС-ийн захирал байсан Д.Заяабаатар ч үгүйсгэсэн. Бид лаа бариад хажууд нь зогсож байгаагүй учраас яг юу болсныг мэдэхгүй. Гэхдээ түүний нөхөр олон нийтэд энэ мэдээллийг анх цацаж, зураг, баримт дэлгэн, худал хэлээгүйгээ батлахыг оролдсон билээ. Мөн охиноо түлхэж унаган хашхичаж байгаа, өөрөөр хэлбэл, зодож буй бичлэгийг ч задалж, хүүхдүүдээ байнга хүчирхийлдэг гэдгийг нь дэлгэсэн юм. Эхнийх нь нөхрийн яриа, өнөөх захирлын орхиод зугтсан гэх гутлын зураг л байсан бол удаах нь дуутайгаа бичигдсэн видео, тодорхой баримт гэсэн үг. Зөвхөн хүүхдээ хүчирхийлснийхээ төлөө л тэр төрийн түшээ байх эрхгүй гээд ажлаа өгч, хариуцлага хүлээх байсан юм. Гэвч хуулиар, намаар хамгаалагдсан бүрэн эрхийнхээ бамбай дор Ч.Ундрам суудалдаа үлдсэн. Хэн ч түүнд ёс зүйн хариуцлага тооцсонгүй. Тухайн үед УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо “Шүүхээр асуудлыг шийдсэний дараа гомдол ирүүлсэн нөхцөлд бид хэлэлцэнэ” гэсэн бөөрөнхий хариу өгөөд л өнгөрсөн. Одоо бол бүр чимээгүй болжээ.
Америкийн Конгрессын гишүүн Энтони Дэвид Вайнер нь Сидней Лидерс хэмээх бүсгүй болон өөр хэд хэдэн эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь ил болсноор 2011 онд огцорсон байна.
Японы Сангийн дэд сайд асан Жүничи Фукуда 2018 оны дөрөвдүгээр сард эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн асуудалд холбогдсоноор албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Патрик Миан бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, улмаар асуудлыг шалгах явцад холбогдох зардлыг олон нийтийн татварын мөнгөнөөс төлсөн тул хариуцлага хүлээж, ажлаа өгчээ.
Гэтэл хүчирхийллийн хэргийг илчилснийх нь хариуд хуулийн байгууллагаас Б.Наранцацралтад “Нууц задруулсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Хүчирхийлэл үйлдсэнд нь биш, илчилсэнд нь хариуцлага тооцчихож байгаа юм. Тэрбээр энэ талаар “Хүчирхийллийн баримтыг нь гаргаад тавилаа. УИХ таг чиг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо таг чиг, нэг ч гишүүн, нэг ч ТББ хүүхдийн эрхийн талаар дуугарсангүй. Цагдаа, хүүхдийн байгууллага нь гишүүний талд үйлчилсээр, шүгэл үлээгчийг буруутан болгохоор л хичээх юм” гэжээ. Харин нийгмийн сүлжээнд түүнийг буруутгаж, “Хүүхдүүдээ бодсонгүй, чи л эхнэрээ хайр, халамжаар дутаасан байна, шалчигнасан юм” гэх мэтээр өнөөх хэвшмэл сэтгэлгээндээ хүлэгдсэн сэтгэгдэл хөвөрч байв. Гэхдээ нийгэмд эр, эм бүх хүн тэгш эрхтэй, тэр нь зөрчигдвөл хүйс үл хамааран гомдлоо гаргаж, өөрийгөө хамгаалж болно гэдгийг бид үргэлж мартдаг.
Тэгвэл Чинбатын Ундрам гэж хэн бэ. 1982 онд төрсөн, ахлах сургуулиасаа гадаадад суралцсан, Лондонд бизнесийн удирдлагын бакалавр, магистрын, Японы Нагояагийн их сургуульд докторын зэргээ тус тус хамгаалсан, 2015 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор дэд профессор цол хүртсэн юм байна. Өндөр гэж тодотгож болохуйц боловсролтой эмэгтэй. Мөн 2010 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ МУИС-д Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгчээс тус сургуулийн санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал хүртэл ажиллаж байжээ. Гэвч үүнтэй дүйцэх хэмжээний буюу төрийн түшээ хийж, түмнийг төлөөлөх хэмжээний ёс зүй түүнд төлөвшсөнгүй. Тэрбээр 2020 онд МАН-аас Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт нэр дэвшин, сонгогдож, УИХ-ын гишүүн болсон юм. Тус аймгийн 100 гаруй мянган хүнийг төлөөлж парламентад сонгогдсон гурван гишүүний нэг. Дээрх асуудал хөндөгдөх үеэр “Адилхан хүн шүү дээ” хэмээн “уянгалах” хүн олон байлаа. Тэгвэл төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн, хууль тогтоогч хүн учраас өндөр хариуцлагатай, ёс зүйтэй байж, үг, үйлдэл бүрээ хянах учиртай. УИХ-ын гишүүд хянуулах, шүүлгэх эрхийг өөрийн хүсэлтээр сонгогчдодоо олгосон байдгаараа ялгаатай. Гэвч үүнийгээ ойлгоогүй түшээ манайд олон бий.
Жил хүрэхгүй хугацааны өмнө болсон ёс зүйгүй энэ үйлдлийг одоо олон нийт бараг мартчихжээ. Гэхдээ энэ зүгээр л мартаад өнгөрөх алдаа биш. Ёс зүйн алдаа гаргасан байтугай хууль зөрчиж, хэдэн тэрбум төгрөг “идэн”, улс орноо хохироосон гишүүддээ МАН хариуцлага тооцож чаддаггүй. Тэгэхээр ирэх сонгуульд Ч.Ундрамыг дахин нэр дэвшүүлэх байх. Тэрбээр Сэлэнгэ аймгаа “тойрч”, ургац ногоо ярьж, Ерөнхий сайдаа дагаж яваа харагдсан. Сонгогдох эрхээ эдлэх нь түүнд нээлттэй. Гэвч өөрийгөө ч засаж чадаагүй, үг, үйлдлээ хянаж дийлдэггүй хүнийг төрийн эрх барих дээд байгууллагадаа дахин сонгох хэрэггүй юм. Англи, Японд боловсрол эзэмшсэн, эрдмийн олон зэрэгтэй, хэд хэдэн гадаад хэлтэй байх нь хувь хүний ёс суртахууны тодорхойлолт биш байдгийг сонгогчид ойлгож байгаа болов уу. Японд улстөрчид нь нэг буруу үг хэлснийхээ төлөө л огцордог, ёс зүйн хариуцлага хүлээдэг жишиг тогтсон. Ийм улсад багагүй хугацаанд сурч, зочин судлаачаар ажилласан ч ёс зүйн тухай ойлголтоос нь Ч.Ундрам суралцсангүй. Төлөвшил, хүмүүжил, ёс зүй нь ямар вэ, хувь хүн нь хэн бэ гэдгээр улстөрчдөд үнэлэлт, дүгнэлт өгөх учиртай юм. Энэ шалгуурт Ч.Ундрам гишүүн хэдийн бүдэрчихсэн. Тиймээс л түүнийг “Өнөөдөр” сонин “Сонгож болохгүй улстөрч”- өөр нэрлэж байна. Ёс зүйн хариуцлагыг та, бид л сонголтоороо дамжуулан тооцож чадна. Зөв тогтолцоо бүрдүүлнэ. Гэр бүлээ хуурдаг, хүүхдээ хүчирхийлдэг бол нам чинь хаацайлавч сонгогчид хариуцлага тооцдог гэдгийг “хэрэг нь илрээгүй” бусад улстөрч мэдэж аваг. Үг, үйлдлээ одооноос цэгнэг.
Алдах эрхээ эдлээд, дураараа амьдармаар байвал Монголын төрөөс хол байх эрх нь тэдэнд бий. Харин өөрийн хүслээр төрийн эрх барилцахаар нэр дэвшиж, олон мянган хүний итгэлийг хүлээж парламентад сонгогдсон бол үг, үйлдэл бүрээ цэгнэн, “энгийн хүн” байх эрхээ хэсэг хугацаанд “алдаж” буйгаа ойлгох ёстой юм.