Аливаа хотын хөгжил нь иргэд, оршин суугчдад чиглэж, амьдралын таатай орчныг бүрдүүлсэн байх ёстой. Хүн төвтэй хотын хөгжлийн түлхүүр нь олон улсын жишигт нийцсэн хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Хотын стандарт гэдэг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг тодорхойлсон хэм хэмжээ. Тус стандартыг мөрдсөнөөр иргэдийн амьдралын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ орчны ая тухтай, эрүүл, аюулгүй байдал хангагдаж, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. Мөн улс орны эдийн засаг, нийгэмд бодитой эерэг нөлөө үзүүлэх юм.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байхаар тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өдгөө 16 бүлгийн 52 стандартыг нийслэлийн ИТХ-аар батлуулаад буй.
Үүний хүрээнд тус стандартыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаар мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүднээс Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг боловсруулж байна. Эл журмын зорилго нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэн, түүнд хамаарах үйл ажиллагааг зохицуулахад орших юм.
Иймд иргэн та хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд https://standard.ub.gov.mn/poll холбоосоор орж саналаа илгээнэ үү.