Автомашингүй өдрийг Улаанбаатарт энэ сарын 23-ны бямба гарагт зохион байгуулахаар болсныг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Тухайн өдөр уламжлал ёсоор хотын төв зам дагуух тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07.00-18.00 цагт хязгаарлах юм байна. Түүнчлэн төв талбайд “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг доороос авах боломж бүрдүүлэхээрээ онцлогтой аж. Мөн соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдтэй гэнэ. Автомашингүй өдрөөр гэр бүлээрээ алхах, дугуй унахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас уриалсан юм. Ташрамд дурдахад, үүнээс өмнөх автомашингүй өдрийг өнгөрсөн зургадугаар сарын 3-нд зохион байгуулсан. Уг өдөр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн болсон билээ.
Бэлтгэсэн: М.Оч