Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барьж эхэлснээс хойш хэдийн дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрчээ. 2019 оны хоёрдугаар сарын 28-нд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг байгууламжийн шавыг тавьж байлаа. Тэгэхэд албаныхан “Нийслэлчүүдийн хувьд энэ бол түүхэн бүтээн байгуулалт” хэмээн сүржигнэж байв. Бас 35 сард буюу гурван жил орчмын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг танилцуулсан юм. Гэтэл заасан хугацаанаас нь даруй нэг жил өнгөрчихөөд буй ч барьж дуусаагүй л байна. Хүлээж цөхөрсөн иргэд “Төр оролцсон бүхэн дампуурдаг. Төв цэвэрлэх байгууламж, газрын тосны үйлдвэр, Дархан-Уулын зам зэрэг дуусдаггүй ажил, биелдэггүй амлалтуудын нэг боллоо” гэж шүүмжлэх болсон билээ.
262.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГ
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь 17.7 га талбайд шинэ цэвэрлэх байгууламж барьж байна. Энэ нь хөлбөмбөгийн 10 гаруй талбайтай тэнцэхээр газар гэнэ. Хуучинтай нь харьцуулахад хоёр дахин том. Төслийн нийт өртөг нь 262.7 сая ам.доллар бөгөөд БНХАУ-аас манай улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжүүлж буй аж. Одоогийн ханшаар 910 гаруй тэрбум төгрөгөөр Улаанбаатар хот шинэ цэвэрлэх байгууламжтай болно гэсэн үг. Төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламж барих гэнэ. Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп” компанийн хамтарсан консорциум шалгарчээ. Туслан гүйцэтгэгчээр урд хөршийн болон дотоодын хэд хэдэн компанийнхан ажиллаж буй юм билээ. Гүйцэтгэгч компаниуд барилга байгууламжийг барьж, тоног төхөөрөмжийг угсран, инженер, техникийн ажилтнуудыг ч бэлтгэх буюу шаардлагатай бүх ажлыг хийж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр эл ажлыг дуусгах гэрээтэй. Ямартай ч эл ажил санхүүжилтийн хувьд ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр үргэлжилж байгаа аж.
ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 44 ХУВЬТАЙ БАЙНА
Уг ажлын явцтай дарга нар байсхийгээд л танилцдаг нь бараг уламжлал болжээ. Дарга очоод ажил шуурхайлдаг бол хэдийн ашиглалтад оруулчих байлаа. Саяхан л гэхэд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн газар дээр нь очиж, нөхцөл байдлыг шалгав. “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийнхөн уг ажлыг 2024 онд дуусгахаа түүнд хэлсэн байна. Шинэ байгууламжийн барилга угсралтын ажил одоогоор 78 хувийн гүйцэтгэлтэй аж. Үүнийг энэ онд 85 хувьд хүргэх төлөвлөгөөтэй гэнэ. “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг барилга байгууламж, тоног төхөөрөмж угсралт, туршилт тохируулга гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлж буй юм. Эдгээрийг багцлан авч үзвэл нийт гүйцэтгэл нь 44 хувьтай гэнэ. Үндсэндээ ажлын явц талдаа ч хүрээгүй гэсэн үг. Ирэх жил барилга угсралт, заслын бусад ажлаа дуусгах төлөвлөгөөтэй. Үүний дараа нэг жилийн хугацаанд гүйцэтгэгч талаас туршилт, тохируулга хийхийн зэрэгцээ инженер, техникийн ажилтнуудыг сургах аж. Ер нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлтэл 2025 он гарах дүр зураг одоогийн нөхцөл байдлаас харагдаж байгаа биз.
Тоног төхөөрөмжийн тухайд шинэ цэвэрлэх байгууламжид зориулан заримыг нь урд хөршид тусгайлан үйлдвэрлэж байгаа гэнэ. Эл ажлыг жил гаруйн өмнөөс эхлүүлсэн бөгөөд эхний ээлжийн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, угсарч буйаж. Харин заримыг нь татан авах ажил үргэлжилж байна. Газар дээр нь өдгөө 600 орчим хүн ажилладаг. Тэдний 50 гаруй хувь нь хятад ажилчин, үлдсэн нь монголчууд гэнэ.
АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ХУГАЦАА 18 САРААР ХОЦРОВ
Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах хугацаа удааширсныг албаныхан цар тахалтай холбон тайлбарлалаа. Тодруулбал, хил хааснаас шалтгаалан гадаадын инженер, техникийн ажилтнууд Монголд ирж чадахаа больсонтой холбов. Мөн тээвэр ложистикийн хүндрэлийн улмаас тоног төхөөрөмжөө татан авахад хүндрэл учирсныг ч тодотголоо. Үүнээс шалтгаалан ашиглалтад оруулах хугацаа 18 сараар хоцорчээ. БХБЯ-наас ирэх онд шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна хэмээн мэдээлсэн. Тэгвэл ийм боломж бүрдэх, эсэхийг “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нэгжийн инженер Д.Анхбатаас тодруулахад “Ирэх онд барилга угсралтын ажлууд ерөнхийдөө дуусчих байх. Хүний нөөцийг сургах ажлыг тоног төхөөрөмжийн угсралттай хамт гүйцэтгэж, зэрэг дуусгах төлөвлөгөөтэй. 18 сараар хоцорсон ч энэ хугацааг нөхөж, шахаж ажиллаж байгаа гэхэд болно. Яагаад гэвэл Засгийн газар болон иргэдийн хүлээлт маш өндөр байгаа төслүүдийн нэг шүү дээ” гэв.
Урд хөршид үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн хугацаа саатахгүй бол 2024 оны аравдугаар сар гэхэд буюу яг жилийн дараа байгууламжийг ашиглалтад оруулахад бэлэн болохыг Д.Анхбат онцоллоо. Гэхдээ хамгийн том асуудал нь өвлийн хүнд бэрх цаг агаар гэдгийг тэрбээр хэлэв. Өвөл барилга угсралтын ажил хийх боломжгүй. Үндсэндээ дөрөвдүгээр сарын сүүлчээс барилгын ажил эхлээд, аравдугаар сард зогсоодог. Ийм учраас байгууламжийг барьж дуусгахад хугацаа их шаардагдаж байгааг тэрбээр учирласан юм.
НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨХ ТЭЗҮ АШИГЛАЖЭЭ
Нийслэлд тав хоног үргэлжлэн орсон борооны улмаас өнгөрсөн долдугаар сард Сэлбэ болон Дунд голын усны түвшин огцом нэмэгдэж, үерлэсэн билээ. Үерийн улмаас нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж ослын горимд шилжсэн юм. Тус байгууламж хоногт 170 000 шоо метр ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай. Гэтэл үерийн улмаас хүлээн авсан бохир усны хэмжээ 220 000 шоо метрт хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүчин чадлаас нь 50 000 шоо метрээр хэтэрч, үйл ажиллагаа нь доголдоход хүрчээ. Эл асуудал нь зөвхөн энэ жил л тулгарсан хэрэг биш. 1959 онд ашиглалтад оруулж, өдий хүртэл тасралтгүй ажиллуулсан, дорвитой засвар, үйлчилгээ хийгээгүй уг байгууламжийн хүчин чадал нь хотын хүн амын өсөлт, ялангуяа орон сууц олноор барьж байгааг дийлэхээ больсон. Тиймээс л шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болсон юм.
2015 оны арваннэгдүгээр сард буюу найман жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаа Төв цэвэрлэх байгууламжид зохион байгуулж байв. Улмаар 3-5 жилийн дотор шинэ цэвэрлэх байгууламж барьж, лагаас гарч буй үнэр болон бусад бугшмал асуудлыг шийдвэрлэх талаар газар дээр нь хөндсөн юм. Тухайн үед Францын “Артелиа вилл энд трансфорт” компанийнхан нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсруулсан байж. Гэсэн ч уг ТЭЗҮ-ийг ашиглаж, бүтээн байгуулалтыг эхлүүлж чадалгүй явсаар 2019 онтой золгож, арайхийн шав тавьсан юм. 2015 онд боловсруулсан тэрхүү ТЭЗҮ-ийн дагуу өдгөө шинэ цэвэрлэх байгууламжийг барьж буй гэнэ.
ӨМХИЙ ҮНЭРЭЭСЭЭ САЛАХ УУ
Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж зайлшгүй хэрэгтэйг нийслэлийн иргэн бүр мэддэг. Яагаад гэвэл Улаанбаатар өвөл, зунгүй өмхий байна. Цэвэрлэх байгууламжийн үнэрийг “танихгүй” хүн хотод алга. Ийм хэмжээнд хүртлээ бугшаад буй асуудал гэсэн үг. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламж барьснаар эл асуудал шийдэгдэх үү гэдгийг хотын оршин суугчид сонирхох нь гарцаагүй. ТЭЗҮ, төлөвлөгөө ёсоор бол шинэ байгууламж барьснаар дээрх асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Тодруулбал, бохир ус хүлээн авч, цэвэрлээд, үлдсэн тунадас, лагийг боловсруулж, био хий гарган авч, эрчим хүч үйлдвэрлэх технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Гарган авсан эрчим хүчийг байгууламжийн дотоодын хэрэгцээнд ашиглах аж. Үнэхээр хэрэгжүүлж чадвал үүн шиг хэрэгтэй зүйл хотод байхгүй. Бохир ус цэвэрлэгээний тухайд ашиглагч байгууллагын буюу одоогийн Төв цэвэрлэх байгууламжийн инженер, техникийн ажилтнууд ажиллах боломжтой. Гэхдээ шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулж байгаа учраас ажилтнуудаа заавал мэргэшүүлж сургах аж. Харин лаг, тунадас боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх хэсэг нь манайд цоо шинэ технологи учир ажиллах хүний нөөцийг бэлтгэх, сургахад багагүй хугацаа шаардлагатай гэнэ. Энэ нь тус байгууламжийн хамгийн нарийн технологи нь юм байна.
Түүнчлэн шинэ байгууламжид үнэргүйжүүлэх систем ч суурилуулахаар төлөвлөжээ. Мөн анхан шатны цэвэрлэгээний байгууламжууд нь бүгд битүү хийцтэй учраас үйл ажиллагааны явцад өмхий үнэр хотоор тархахгүй гэнэ. Одоогийн байгууламжийн тухайд цэвэрлэгээний тоног төхөөрөмж нь битүү газарт бус, ил байрладаг. Бас лагаа ил асгаж, байгалийн аргаар хатаадгаас болж хот даяар өмхий үнэр тархдаг билээ. Тэгэхээр төлөвлөсний дагуу барьж, ашиглалтад оруулж чадвал Улаанбаатар “өмхийрөхөө” болих дүр зураг харагдана. Гэхдээ үүнийг үнэхээр хэрэгжүүлэх, эсэхийг нь баталгаажуултал бидэнд наанадаа нэг жилийн хугацаа бий.
ХЭДЭН ЖИЛ “ТЭСЭХ” ВЭ
Өмнө дурдсанаар Төв цэвэрлэх байгууламж өдгөө 64 “настай”. Албаныхны тодорхойлсноор бол насжилт нь хэтэрч, хүн амын өсөн нэмэгдсэн хэрэгцээг хангаж чадахаа больсон, тоног төхөөрөмжүүд нь элэгдэж хуучирсан. Тэгвэл шинэ цэвэрлэх байгууламжийг удахгүй ашиглалтад орууллаа гэхэд хэдэн жил ашиглах бол. Улмаар хотын хүн амын өсөлтийг хэр удаан хугацаанд “даах” вэ гэдэг нь анхаарал татна. Ямартай ч шинэ байгууламжийн тоног төхөөрөмжийг 50 жил ашиглах боломжтой гэнэ. Хүчин чадал нь хоногт 250 000 шоо метр ус хүлээн авч, цэвэрлэх аж. Нийслэлийн хүн амын өсөлтийн тооцоогоор бол 2030 он хүртэл ийм хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ашиглахад асуудал тулгарахгүй юм байна. Харин түүний дараа яах вэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хотын хүн амын өсөлтийг шинэ цэвэрлэх байгууламж хэдэн жил “даах”-ыг мэдэх хүн алга. Юутай ч эхлээд ашиглалтад оруулаад авахыг л холбогдох байгууллагынхан чухалчилж буй бололтой.
Бэлтгэсэн: М.Оч