Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ сарын 15-наас нийслэлийн долоон дүүргийн 492 цэгт сайжруулсан түлш борлуулж эхэлснийг “Тавантолгой түлш” компаниас мэдээлэв. Нийслэлийн хэмжээнд энэ өвөл нийт 655 цэг ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд үлдсэн 163-ыг нь ирэх сарын 1-нээс үе шаттайгаар нээх аж. Одоогоор хотын хэмжээнд 98 агуулахад 100 000, үйлдвэрийн талбайд 18 000 гаруй тонн түлш нөөцөлжээ. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 000 гаруй айл сайжруулсан түлш хэрэглэх нь. Дээрх компани 600 000 орчим тонн түлш үйлдвэрлэх бөгөөд энэ нь айлуудын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэнэ. Гэр хорооллын айлууд яндангаа хөөлж, пийшин, зуухаа цэвэрлэн, угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө ажиллуулан, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг дээрх компанийнхан анхааруулсан юм.
Бэлтгэсэн: М.Оч