Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Геополитикийн зөрчилдөөн даамжрах, дэлхий нийтэд тохиож буй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд олон улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй, гадаад, дотоодын тодорхой бус нөхцөл байдал үүсэх магадлал, инфляцын зорилтот түвшинд хүрэх явц удааширч байгаа зэргийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан гэв. Ингэснээр инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд “барих”, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэх аж.
Цаашид гадаад, дотоодын эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалан бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэхээ Төвбанкнаас дурдлаа. Худалдааны түнш орнуудын инфляцын түвшин доошилж, бараа эргэлтийн хэмжээ өсөн, тээврийн зардал буурч, төгрөгийн валюттай харьцах ханш тогтвортой байгаа нь импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт болон инфляцыг сааруулах төлөвтэйг дээрх банкнаас мөн дурдсан юм. Гэхдээ эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсний нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс өсөх магадлалтай гэнэ. Цаашид манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын сэргэлт хүлээлтээс удаан байх, гадаад эрэлт, гол нэрийн түүхий эдийн ханш буурах төлөвтэйг онцлов.