Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны есдүгээр сарын 13, 15-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Худалдааны түнш орнуудын инфляц саарч, худалдааны эргэлт сайжирч, тээврийн зардал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байсан нь импортын барааны үнийн өсөлт, улмаар инфляцыг сааруулсан гэж үзлээ. Цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэхээр байгаа ч эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс өсөхөөр байгаа юм.
Эдийн засгийн өсөлт 2023 оны 2 дугаар улиралд хүлээлтээс өндөр гарахад нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өссөнөөр уул уурхай, түүнээс хамааралтай салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Түүнчлэн, төсвийн төлөв суларсан нь эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүлэх нөхцөл болсон байна. Манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын сэргэлт хүлээлтээс удаан байж, цаашид гадаад эрэлт, гол нэрийн түүхий эдийн үнийн төсөөлөл муудна.
Түүнчлэн, геополитикийн зөрчилдөөн даамжрах, дэлхий нийтэд болж буй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд гадаад эдийн засгийн төлөвт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл ч бий. Энэ мэт гадаад, дотоод тодорхой бус байдал өндөр, инфляц зорилтот түвшин рүү буурах хурд удааширч байгааг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.