Бүргэдчдийн эх нутаг болсон Баян-Өлгий аймагт энэ сард шувуулахуйн өв соёлыг сурталчилсан гурван арга хэмжээ зохион байгуулахаар тов гаргажээ. Үүнийг Сагсай сумын ЗДТГ, “Аян трэйвэл” ХХК, Бүргэдчдийн холбоо хамтран 2018 оноос хойш зохион байгуулж буй “Sagsai golden eagle” баяраар нээх нь. Тус арга хэмжээ маргааш эхэлж, хоёр өдөр үргэлжлэх юм байна. Харин үүний дараа буюу есдүгээр сарын 23-нд Алтанцөгц сумд ахмад бүргэдчин Ж.Сайлаугийн нэрэмжит бүргэдийн баяртай аж. Энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй учир бүргэдчдийн дунд шагналын сан өндөртэй тэмцээн, уралдаан явуулж, олон хүн хамруулахаар зорьж байгаа гэнэ. Эдгээрийн дараа “Бүргэдийн баяр-2023” нэгдсэн фестиваль Бугат сумын Өнчин толгой хэмээх газарт болно. Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт товлодог уг наадмыг энэ удаа есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бүргэдийн баяр бол манай улсын аялал жуулчлалын нэрийн хуудас болсон, гадаад, дотоодын жуулчин олноороо зорин очдог брэнд арга хэмжээ. Монголын аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэгт тооцогддог Баян-Өлгий аймгийн онцлох, гол “бүтээгдэхүүн”. Тус аймаг “Монголд зочлох жил” санаачилгатай холбоотойгоор бүргэдийн баярын арга хэмжээг илүү өргөн цар хүрээнд, хүртээмжтэй зохион байгуулахад анхаарч буй гэнэ.