Манай улс энэ намар сүүлийн 10 жилд аваагүй арвин ургац хураах төлөвтэй байгаа тухай таатай мэдээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун дуулгав. Тэрбээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанд ургацын урьдчилсан балансыг танилцуулсан аж. Энэ жил 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5.0 мянган тонн жимс жимсгэнэ хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ. Ингэснээр бид улаанбуудай, төмсний 100, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн байна. 1990 оноос хойш хүнсний ногооны дотоодын хангамж 80 хувьд хүрээгүй явсныг сайд онцолж, ирэх оноос энэ тоог 90-100 хувьд хүргэх боломжтой гэлээ. Мөн технологийн шинэчлэл хийсний дүнд улаанбуудайн нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.9 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдсэн аж. Стратегийн хүнс болох гурил, улаанбуудай, сүү, ус зэрэг бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд ч асуудалгүй болжээ.
Арвин ургац хураахтай зэрэгцээд түүнийг хадгалах зоорь шаардлагатай. Тэгвэл сайд “35 дугаар тогтоолын дагуу хувийн аж ахуйн нэгжүүд зургаан хувийн хүүтэй зээл авч, аймаг бүрт зоорь барьж байгаа. Тиймээс зоорийн хангамж хүрэлцээтэй” гэв.