Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорац” манай орны баруун өмнөд бүсэд алтны өндөр агуулга бүхий, илээр олборлох боломжтой “Баян хөндий” төсөл хэрэгжүүлж буй. Тус компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “Баян хөндий” төслийн газар шорооны бэлтгэл ажлуудыг гүйцэтгэн, эцэслэснээр хөгжүүлэлтийн үе шатыг нэг алхмаар ахиулж байна. Уламжлалт аргаар олборлон, ирээдүйд хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжтой боловсруулах технологи ашигласнаар бага өртгөөр хөгжүүлэх боломжтой эл төсөл нь хөрөнгө оруулагчид, оролцогч талуудад үнэ цэн бий болгон, хөрөнгө оруулалтын хөшүүрэг болно. Төслийн шинэчилсэн ТЭЗҮ-д үндэслэн санхүүжилтийг нь эцэслэснээр бүтээн байгуулалтын шийдвэрийг гаргана. “Монголиан майнинг корпорэйшн”-тэй байгуулсан стратегийн түншлэлийн үр дүнд бид 2025 онд алт олборлож эхлэн, мөнгөн урсгалыг бий болгохоор төлөвлөж байна. Мөн “Хөндий” эрдсийн дүүрэг дэх бусад ордыг хөгжүүлэн, хайгуулын хөтөлбөрүүдээ үргэлжлүүлнэ” хэмээн тэмдэглэжээ.
Энэхүү төслийн цахилгааны хэрэгцээг хангахаар Монголын эрчим хүч үйлдвэрлэгч компанитай хэлэлцээ хийж буйг тус компанийнхан мөн дурдлаа. Дээрх ТЭЗҮ-д тэмдэглэснээр 476 000 унци алт олборлохоор тооцсон нь 2020 онд боловсруулсан ТЭЗҮ-тэй харьцуулахад 25 хувиар илүү үзүүлэлт бөгөөд металл авалт 93 хувьтай байна хэмээн төсөөлжээ. Мөн эхний 2-5 жилд дунджаар 86 900, уурхайн ашиглалтын хугацаанд жилд ойролцоогоор 74 200 унци алт олборлоно гэж тооцсон аж. Төслийн үргэлжлэх хугацаа найм, үүнээс нэг жил нь бүтээн байгуулалт, Баян хөндийн ордын ашиглалтын хугацаа зургаан жил есөн сар байх бол уурхайн хаалтыг нэг жилээр төлөвлөжээ. Мөн уурхайн ашиглалтын хугацаанд ААНОАТ, АМНАТ болон бусад татвар, хураамжид 143 сая ам.доллар төлж, Баянхонгор аймагт 500 гаруй ажлын байр бий болно гэсэн тооцоо гаргасан байна. Сонирхуулахад, “Эрдэнэ ресурс девелопмент корпорац” нь Баян хөндийн ордоос зүүн зүгт 30 орчим км-т орших молибден-зэсийн “Зуун мод”, зэсийн “Хөвийн хар” төслийг 100 хувь эзэмшдэг билээ.
Бэлтгэсэн: Ц.Болор