Монголбанкнаас цувралаар үйлдвэрлэдэг франчайз дурсгалын зооснуудаа шинээр худалдаанд гаргажээ. Үүнд “Монгол-Италийн хамтын ажиллагаа”, “Луу жил” дурсгалын ялтсан дэвсгэрт, “Тул загас”, “Д.Оюунтүлхүүр”, “Монгол шонхор”, “Мөнгөн луу” мөнгөн зоос багтжээ. Мөн “Монгол шонхор” зэсэн, “Луу жил” алтан зоосыг гаргасан байна. Улс орон бүр түүхэн онцлог үйл явдалд зориулж зоос гаргадаг. Монгол Улс ч энэ жишгийг дагаж ирсэн бөгөөд манай шинэ үеийн дурсгалын зоос нь хагас зуу орчим жилийн түүхэн уламжлалтай аж. Хүн төрөлхтний болон өөрийн орны тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, соёлын өв, онцлог үйл явдал, соёл урлаг, спортын амжилтад зориулан Монголбанк өнгөрсөн хугацаанд олон төрлийн дурсгалын зоос гаргажээ.
Дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэргээс гадна зэс, никель, гууль зэрэг өнгөт төмөрлөгөөр хийсэн байна. Энэ удаад Төвбанк 12 жилийн дурсгалын зооснуудаас луу жилийг онцолжээ. Өнгөрсөн онд туулай жилийн зоосыг гаргасан бөгөөд үргэлжлүүлэн луу жилийнхийг гаргасан нь энэ аж. Түүнчлэн ирэх онд луу жил гарахыг бэлгэджээ. Мөн үндэсний бахархалт шувуу шонхрыг онцолсон байна. Үүнээс гадна Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүр намтар түүхээсээ бичсэн “Оюун түлхүүр” номоо гаргасныг дурсгалын зоосонд ийнхүү мөнхжүүлэв. Ташрамд дурдахад, Монгол Улсын банк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэтэй алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоос анх гаргаж байжээ.