Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Үйлдвэр комбинатад байрладаг Нэхмэлийн шарын нийт 10 байрыг нураасан. Хамгийн сүүлд Нэхмэлийн шарын долдугаар байрыг нурааж, шинээр барилга барихаар саяхнаас суурийг нь цутгаж эхэлжээ. Харин ойролцоох байрнуудын оршин суугчид “Хүүхдийн тоглоомын талбайгүй атал орон сууц олноор барьж байна”, “Энэ хавийнхан орц, гарцгүй боллоо”, “Хамгийн сүүлд буулгасан барилгын суурин дээр цэцэрлэг барина гэсэн.
Гэтэл одоо үйлчилгээний төв барих гэж байна” хэмээн шүүмжилж буй. Үүнтэй холбоотойгоор Нэхмэлийн шарын байрнуудыг дахин төлөвлөж буй “Фүжи девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Даваажавтай холбогдоход “Энэ төслийг 2017 онд эхлүүлсэн. Айлуудтай гэрээ байгуулж, дахин төлөвлөлтөөр тус бүр нь 16 давхар дөрвөн орон сууц барьсан юм. Ингээд айлуудыг ихэнхийг нь оруулсан. Одоо барих нь дөрвөн давхар, автомашины зогсоолтой, үйлчилгээний төвтэй орон сууц. Буулгасан долдугаар байранд 33 айл байсан. Анхнаасаа цэцэрлэг барина гээгүй. Найман жилийн өмнө батлуулсан А даалгаврын дагуу үйлчилгээний төв барина.
Нэгдүгээр давхарт нь дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудыг оруулах юм. 33 айлын байрыг нураачихаад, газарт нь орон сууц барихгүй бол болохгүй шүү дээ. Гол шалтгаан нь энэ” гэв. Харин тус хорооны даргатай холбогдоход ажлаа хүлээн аваад долоо хонож байгаа тул энэ талаар мэдэхгүйгээ хэлсэн. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай хомс байхад орон сууцын барилгыг хяналтгүйгээр нэмж бариулаад байгаагийн тод жишээ нь энэ болжээ.