ӨМӨЗО-ы Хөх хотноо есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохиогдсон Монгол-Хятадын 4 дүгээр ЭКСПО арга хэмжээний хүрээнд “Хятад, Монголын төрийн өмчит компанийн шинэчлэл, хөгжил” сэдэвт уулзалт болжээ. Хоёр орны төрийн өмчит компаниуд уул уурхайн салбарт туршлага солилцох, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилго бүхий уг уулзалтад Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг төлөөлж “Эрдэнэс Монгол” нэгдэл, нэгдлийн харьяа компаниудын төлөөлөл илтгэл тавьсан байна.
Тодруулбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх нэгдлийн хөгжлийн стратеги, хамтын ажиллагаа, бүтэц, үйл ажиллагааны талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийг БНХАУ-ын төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд танилцууллаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын захирал Л.Доржсүрэн ордын байршил, нөөц, өнөөгийн нөхцөл байдал, гүйцэтгэл, цахим арилжаа болон хэрэгжүүлж буй “Нүүрс боловсруулах үйлдвэр”, “Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр”, “Таван Толгой нүүрс ачих логистикийн төв” зэрэг онцлох төслүүдээ танилцуулав.
Харин “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг болох “Уул уурхай-металлургийн цогцолбор” төслөө танилцуулж төслийн явц, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл өглөө.
БНХАУ-ын талаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниуд болох Хятадын үндэсний барилгын материалын ХХК, Хятадын Төмөрлөг, уул уурхайн групп, Хятадын Металлургийн Геологийн Газар, Бугатын ган групп,Өвөр Монголын геологи эрдэс баялгийн групп, Өнгөт уул уурхайн групп, Нүүрсний хайгуулын групп, Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, Гансу мужийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүд оролцов.