Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг баасан гарагт хэлэлцүүлэв. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэх нь. Үүний хүрээнд Төвбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргахтай холбоотой зорилтыг энэ онд шинээр тусгасан гэлээ. Энэ нь дунд хугацаанд инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд байлгах зорилтыг хэрэгжүүлэх, инфляцын хүлээлтийг аргамжих, Төвбанканд итгэх олон нийтийн итгэл, үйл ажиллагааны хараат бус байдал дээшлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ хэмээв. Мөн гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх зорилтыг тусгасан байна. Эл хэлэлцүүлгийг анх удаа Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө зохион байгуулсан юм.
Бэлтгэсэн: Б.Сонор