Улаанбаатар хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпораци, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд БНСУ-ын "Keumkang-Three ENC" корпорациас Улаанбаатар хотод Лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн юм.
ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" корпорациас 210 сая воны санхүүжилт олгохоор харилцан тохиролцож, талууд гэрээ байгуулаад байна. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нар есдүгээр сарын 6-нд ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын ус болон лаг дахин боловсруулах хамгийн том байгууламж болох Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.