Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн төслийг энэ сарын сүүлчээр Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж, улмаар дагалдах хуулийн төслүүдийн хамт УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Шүүх байгуулах тухай хуулиар шүүх эрх мэдлийн бүтцийн өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
1990-ээд оноос өмнөх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид суурилсан шүүхийн тогтолцооноос илүүтэй иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх боломж бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж буй. Цаашлаад өмнөх ололтоо бататган, хэрэг, маргааныг дагнасан шүүхээр шийдвэрлэх тогтолцоог хадгалахыг зорьж байна. Товчхондоо, социалист эрх зүйн тогтолцооны үеийн шүүхтэйгээр 30 гаруй жил явж ирснээ бүхэлд нь өөрчилж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хэрэг, маргааныг хэлэлцэн шийдвэрлэх үйл явцыг хялбаршуулахын тулд эдгээр хуулийн төслийг боловсруулж байгаа.
УИХ-ын намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа үндсэндээ шүүх эрх мэдлийг хөгжүүлэх, боловсронгуй болгох, шинэчлэх, тогтолцооны хувьд өөрчлөх агуулга руу чиглэх болов уу. Шүүхэд итгэх иргэдийн итгэл, шударга ёсны хүсэмжлэлийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа учраас эдгээр бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн” хэмээхийн сацуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүтцийн өөрчлөлт хийхээ ч зарлав. Үүгээр шүүх засаглалынхан руу ширүүхэн дайрдаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийг нь өөрчлөх замаар тэмцлээ хурцатгав уу.
УИХ 2000 онд Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө батлах тухай 39 дүгээр тогтоол баталсан нь өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй. Эл баримт бичигт гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хууль бус шийдвэрт тавих хяналтын механизм бий болгох зорилт дэвшүүлж, авах арга хэмжээний талаар тусгасан. Мөн хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг боловсронгуй болгох зорилт бий. Цаашлаад шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрийн хувьд хараат бус байх явдлыг хангах арга хэмжээг заажээ. Харин одоо тус тогтоолыг “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” болгон шинэчлэх төслийг Засгийн газар бичиж, батлуулах гэж байгаа нь энэ.
Өнгөрсөн өвөл, хавар, намраар өрнөсөн өргөн жагсаалын үеэр иргэд эрх баригчдаас шударга ёсыг нэхэж, авлигачдын толгойг илэхгүй байхыг шаардсан. Хариуд нь шийдвэр гаргагчид шударга ёсыг шүүхээс хүлээж буйгаа илэрхийлэх болсон. Учир нь үүнийг шийдвэрлэхгүй бол ирэх өдрүүдийн тэмцэл, цуглааны сэдэв, шаардлага өөрчлөгдөхгүй. “Эрдэнэт үйлдвэр” тэргүүтэй төрийн өмчит томоохон компаниудын хувьчлалд хамаарах хэргүүдээс авхуулаад шүүхийн шатанд тулаад, шийдвэр хүлээж буй олон хэргийн учрыг олохыг тэд хүсэж байгаагаа илэрхийлэх болсон. Мөн Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны чанаргүй зээл тойрсон хэргийг хөлтэйхөн эхлүүлж, дэмжсэн ч хол яваагүй л байна. Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын түвшинд эрх баригчид тал талаасаа хамтарч сүр дуулиантайхан эхлүүлж, олны анхаарлыг татсан “Хөгжлийн банкны” гэх хэргийн талаарх шүүхийн шийдвэр эрх баригчдын хүссэн шиг гараагүй байж мэднэ. Харин ч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тэргүүтэй намынх нь улстөрчид шүүхээс ял шийтгэчихсэн. Цаашлаад “нүүрсний” гэх тодотголтой хэрэг эрх баригчид болон энгийн иргэдийн хувьд ихээхэн хүлээлт үүсгэж буй. Бас л Ардын намын улстөрчид болох Т.Аюурсайхан нарынхүмүүс холбогдож, буруудаад буй энэ хэргийг шийдвэрлэхэд эрх баригчдын өөрсдийнх нь хэлдэгчлэн эцсээ хүртэл шүгэл үлээх үү гэдэг нь тэдний хувьд айсуй сонгуулийг угтсан томоохон сорилт гэлтэй. Тиймээс ч УИХ-ын түвшинд хянан шалгах түр хороог хоёр дахь удаагаа байгуулан, даргаар нь УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилж, ихээхэн найдлага тавьж буй нь илт.
Мэдээж хууль, тогтоолын төсөл санаачлах эрх бүхий гурван субъектийн нэг нь Засгийн газар. Нөгөө талаас Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө батлах тухай тогтоолын хэрэгжилтэд 2019 онд хийсэн үнэлгээгээр дэвшүүлсэн нийт 30 зорилтын 12 нь үр дүнтэй хэрэгжсэн, 11 нь зарим талаараа үр дүнд хүрсэн, бүрэн биелээгүй, зургаа нь хангалтгүй, нэг нь бүр үр дүнд хүрээгүй гэсэн “дүн” авсан байдаг. Тухайлбал, шүүхийн улс төрийн хараат бус байдлыг хангахын тулд 2012 онд шүүхийн өөрийн захиргаа гэгддэг Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн хэмээн үнэлсэн ч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь хүндрэл, бэрхшээл тулгарсаар байгааг онцлон, шинэчлэлийг нь гүнзгийрүүлэх шаардлагатайг онцолжээ. Тиймээс ч “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Шүүхийн багц хуулийн шинэчлэлд энэ мэт олон асуудлыг тусган, хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь дээрх төслүүдийг боловсруулан, батлуулах явдал хэмээн тайлбарлаж буй.
Тодруулбал, 2020 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 02 дугаар тогтоолыг УИХ баталсан. Үүний дагуу шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг батлах ёстой. Эдгээрээс Шүүхийн багц хуулийг батлан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгоод буй бөгөөд өдгөө шүүхийг тойргийн зарчмаар байгуулах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөл үлдээд буй хэрэг. Ингэхдээ шүүхэд хандах иргэний эрхийн баталгааг бодитой хангах, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, тэднийг мэргэшүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжтэй болгоно гэж Х.Нямбаатар сайдын хэлээд байгаа нь үүнтэй холбоотой гэсэн үг. Юутай ч Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэхдээ хүн ам, газар нутаг, шүүгчийн ажлын ачааллыг харгалзан тойргийн шүүх байгуулж болох үндэслэл, журмыг нарийвчлан тогтоох ёстойг УИХ-ын 02 дугаар тогтоолоор чиглэл болгочихсон. Мөн шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, тойргийн зарчмаар шүүх байгуулах нь шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр чөлөөлөх, шилжүүлэх үндэслэл болохгүй байх зохицуулалтыг дээрх хуульд зааж өгөх ёстой. Засгийн газар чухам үүнийг баримтлан төслөө боловсруулан, батлуулах, эсэхээс эхэнд дурдсан эргэлзээ арилах уу, шүүх болон гүйцэтгэх засаглал харилцан тэнцвэртэй, хяналттай харилцаатай байх уу гэдэг ньх амаарна.
Уг нь УИХ-аас баталсан хуваарь ёсоор Шүүх байгуулах тухай хуулийг 2021 онд шинэчлэн батлах байсан ч одоо л парламентад оруулж ирэх гэж буй бололтой. Удахгүй эхлэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ч эл хуулийн төсөл бий. Гэхдээ одоогийн парламентын хувьд хамгийн сүүлчийн намрын чуулган болохын хувьд олон чухал хууль тогтоомжийн төсөл овоорчихоод буй. Үүнээс гадна ирэх жил сонгуультайг ч хэлэх үү 2024 оны улсын төсөв батлах, УИХ-ыг 126 гишүүнтэй болгосон Үндсэн хуулийн өөрчлөлтөд өөр бусад хуулиа нийцүүлэх гээд бүрэн эрхээ дуусгахаас өмнө заавал хэлэлцэх ёстой төсөл ч бишгүй. Ямартай ч Шүүх байгуулах тухай хууль тэргүүтэй төслүүдийг хэзээ, хэрхэн хэлэлцэх вэ гэдэг нь гүйцэтгэх болон шүүх засаглал хоорондын хойшдын харилцааг тодорхойлж мэдэх нь.