Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Шивээ-Овоо” ХК-д ажиллалаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь жилд 2 сая тонн нүүрс олборлон төвийн эрчим хүчний нүүрсний 30 хувийг хангадаг юм. Тус компани улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг бүрдүүлж байна. Гэвч компанийн нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган төгрөг байдаг бол эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон борлуулах үнэ нь 39 мянга байгаагаас “Шивээ-Овоо”ХК алдагдалтай ажиллаж ирсэн. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны алдагдал 15 тэрбум төгрөгт хүрээд байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэ стратегиар энэхүү алдагдлыг бууруулах 2 үндсэн хувилбар гарган ажиллаж байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа.
Үүнд:
- Шивээ-Овоогийн нүүрсээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Тухайлбал эхний ээлжинд 200 МВт-ийн цахилгаан станц барих, урт хугацаанд нийлэг хий зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
- Нүүрсээ экспортлох. “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд эрчим хүчний нүүрс олборлодог Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэс Тавантолгойн уурхайнуудын нүүрсийг хольж шаардлага хангасан илчлэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргахаар ажиллаж байна.