Путин, Эрдоган нар үр тарианы хэлэлцээрийг сэргээх талаар тохиролцоонд хүрсэнгүй
Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ үр дүнгээ өгсөнгүй. Энэ тухай BBC мэдээлэв.
Путин Украины боомтуудаас 30 гаруй сая тонн хүнсний бүтээгдэхүүнийг гаргах боломжийг олгосон "үр тарианы хэлэлцээр"-т буцаж орохоос татгалзсан бол Европын зах зээлийг алдсан ОХУ-ын Газпромд амин чухал хэрэгтэй хэрэгтэй байгаа Турк дахь " байгалийн хийн төв" төслийг дэмжсэнгүй.
"Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцлах тухай хэлэлцээрт орсон бүх тохиролцоо бүрэн хэрэгжиж эхэлмэгц бид үр тарианы хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байх болно" гэж Путин өмнө нь олон удаа хэлсэн байр сууриа дахин илэрхийлжээ.
Путины онцлон тэмдэглэснээр, Москва үр тарианы хэлэлцээрээс гарснаар үнэ буурах, хүнсний хомсдол бий болох зэрэг дэлхийн зах зээлд нөлөөлсөнгүй”.
"Асуудал шударга хуваарилалтад байгаа. Гэхдээ энэ нь үр тарианы гэрээ гэгчтэй огт хамаагүй" гэж Оросын төрийн тэргүүн хэлжээ.
Киев хүмүүнлэгийн зориулалттай гаргасан замыг ашигласан энгийн объектуудад террорист халдлага үйлдсэн бол Оросын тал тухайн замын чиглэлийн аюулгүй байдлын баталгааг тодорхой гаргаж байсан гэдгийг Путин дурдав.
Үүний зэрэгцээ барууныхан хүмүүнлэгийн нэрийдлээр Москваг хуурсан. Украинаас экспортолсон 32.8 сая тонн ачааны 70 гаруй хувь нь чинээлэг орнуудад очсон гэж ерөнхийлөгч онцолжээ.
Мөн тэрбээр ОХУ Туркийн нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийг бусад улс орон руу нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд сүүлийн 8 сарын хугацаанд Москва Туркт 10 тэрбум шоо метр хий нийлүүлсэн гэв.
Кремль "хийн төв" төслийг өнгөрсөн намар санаачилсан юм. Уг төсөл нь халдлагад өртөж дэлбэрсэн “Умардын урсгал”-ыг орлож, Европ руу нийлүүлэх платформыг бий болгох зорилготой аж.
Гэвч Турк уг төсөлд хөрөнгө оруулахаас татгалзаж, өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээрийг зогсоосон юм.
Туркийн Ерөнхийлөгч Эрдоган хариуд нь үр тарианы хувьд Оросын хүлээлтийг шударга гэж үзэж байгаагаа хэлээд, ядуу буурай орнуудад хоол хүнс илгээх хэрэгтэй гэсэн шаардлагагыг ч зөв хэмээн дэмжсэн байна.
Эрдоганы Украины асуудлыг энх тайвнаар зохицуулахад зуучлагч болох гэсэн оролдлого ч үр дүнд хүрсэнгүй.
"Станбулд хийсэн өмнөх тохиролцоог Киев хогонд хаясан" гэж Путин хэлэв.
“Зарим шинэ санаачилгуудын тухай бид сонсож, гэхдээ энэ нь бидэнтэй өмнө нь огт яригдаж байгаагүй зүйлууд юм. Тиймээс бид шинэ зүйл олж харахгүй байна” гэж тэрбээр нэмж хэлэв.