МХБ өчигдөр 216.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. Үүний дийлэнх нь нүүрсний арилжаанд ногдсон юм. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 100 багц буюу 640 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг 62 144 000 “ногоон” буюу 215.8 тэрбум төгрөгөөр худалдсан нь сүүлийн үед байгаагүй өндөр дүн боллоо. Тонн нүүрсийг борлуулах доод үнэ 97.1 ам.доллар байсан бөгөөд ийм ханшаар худалдсаныг уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны системээс харж болохоор байв. Тэгвэл өнөөдөр “Энержи ресурс” компанийн хоёр багц буюу 12 800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрсийг арилжихаар төлөвлөжээ. Ингэхдээ тонн бүтээгдэхүүнийг борлуулахаар дуудах доод үнэ 400 юань байх аж.
Дээрх биржийн долоо хоногийн арилжааны мэдээллээс харахад наймдугаар сарын 21-25-нд “Энержи ресурс”-ийн нүүрсийг долоон удаагийн арилжаагаар тус бүр 12 800 тонныг 5.1, 13.9, 14.08, 14.4, 14.8, 15.2, 15.4 сая юаниар худалджээ. Мөн эл хугацаанд нэг удаагийн арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой”-н 128 000 тонн бүтээгдэхүүнийг 15.3 сая ам.доллароор борлуулсан байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар “Энержи ресурс” компанийн тус бүр 12 800 тонн нүүрсийг 14.72, 14.84 сая юаниар арилжсан гэнэ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал