СЗХ-ны ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эрхлэх дээрх үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тодорхойлж, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулах зорилгоор Итгэлцлийн үйлчилгээний журам шинэчлэн баталсныг баасан гарагт мэдээллээ. Итгэлцлийн үйлчилгээ нь бусдын хөрөнгийг тодорхой хугацаанд удирдах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа байдаг онцлогтой. Иймээс эрсдэл даах болон санхүү, төлбөрийн чадвар бүхий ББСБ-ууд эл үйлчилгээг олон нийтэд хүргэх учиртай тул тэдгээрт тавих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг нэмэгдүүлжээ. Мөн дээрх хуралдаанаар нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэсэн гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор