Эх хэлний өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үнэгүй үзээрэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг "Эх хэлний өдөр" болгон зарласан. Эх хэлний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан Үнэт ховор номын музейгээ олон нийтэд үнэгүй үзүүлнэ.
Үнэт ховор номын музейд ЮНЕСКО болон Монгол Улсын Хосгүй үнэт өвд бүртгэлтэй монголчуудын бичиг номын гайхамшигт дурсгалууд, монголчуудын ном бүтээх олон янз уламжлалыг харуулсан сонин содон ном, эрдэм мэдлэг, шинжлэх ухааны арвин өв, бичгийн хэрэгсэл, эд өлгийн ховор нандин зүйлс хадгалагдаж байна.