Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны 2блок барилгыг албадан нураах Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцууллаа. Харин тус барилгын эзэд хотын даргын захирамжийг эс хүлээн зөвшөөрч, шүүхэд хандахаа мэдэгдлээ. Улмаар энэ бол сонгуулийн шоу, "Акуа Гарден" хотхоны барилга, захиалагчдаар улс төр хийж оноо авах гэсэн оролдлого. Захирамж гарлаа гээд шууд нураачих юм биш, шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Ард түмний хөрөнгийг шууд нурааж болохгүй. Бидний ард хэн нэг улстөрч байхгүй учраас хотын дарга ингэж хандаж байна хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн тус хотхонд байрны захиалга өгсөн иргэд "Хэрэв эл барилгыг нураавал амиа хорлоно, барилгын нурангид дарагдаж үхнэ" хэмээлээ.
Үүнээс гадна Акуа Гарден" хотхоныг нурааснаас үүдэн гарах хохирлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана. Дараа нь буруутай газраас нь нөхөн төлүүлнэ гэдгийг хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцоллоо.