Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ватиканы Төрийн тэргүүн Пап Францис ирэх сарын 1-4-нд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар багтжээ. Дэлхийн католик шашны тэргүүн энэ эрхмийн айлчлалыг сурвалжлахаар 20 гаруй орны 56 хэвлэл мэдээллийн байгууллагаас147 сэтгүүлч, ажилтан дагалдан ирж байгаа аж. Үүнд дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудаас багтжээ. Үүгээр дамжуулан улс орноо сурталчлах боломж бидэнд олдож буй юм. Улстөр, эдийн засаг, шашин соёлын хувьд өндөр ач холбогдол өгч буй энэ хүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойгоор тохиож байгаагаараа онцлог. Айлчлалын гол арга хэмжээ есдүгээр сарын 2, 3-ны амралтын өдрүүдэд болох юм байна. Энэ үеэр хоёр орны Төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлнэ.
Мөн төрийн айлчлалын албан ёсны арга хэмжээнээс гадна Пап Францис 13 шашны төлөөлөл оролцсон уулзалтыг зохион байгуулах нь. Шашны энэ арга хэмжээнд манай төрийн зүгээс оролцохгүй юм. Монголын эзэнт гүрний их хаад, Ромын Ватикантай XIII зууны үеэс харилцаа холбоо тогтоож, захидлаар харилцаж ирсэн түүх байдаг аж. Үүнээс хойш 777 дахь жилд энэ хүү айлчлал давхцаж байгаа нь тэдний хувьд маш бэлгэдэлтэй тоо гэж үзэн, ач холбогдол өгч буй юм байна. Олон шашныг хүлээн зөвшөөрч, оюун санааны эрх чөлөө олгодог бодлоготой явж ирсэн Монгол Улсад ийнхүү Ватиканы Төрийн тэргүүн айлчлахтай холбогдуулан 3500 орчим сүсэгтэн жуулчин ирэхээр захиалгаа өгчээ. Шашны жуулчлалаар дамжуулан манай улсын эдийн засагт энэ өдрүүдэд 400 сая долларын орлого орно гэсэн тооцоо хийжээ.