Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house”, “Эгэл баатар” гэсэн зургаан багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Голч өнцөг” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ганц ч ажил эхлүүлээгүйг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн нэг болох Хүүхдийн төлөө санд өнөөдрийн байдлаар 11 орчим тэрбум төгрөгийн хандив цуглажээ. Үүнээс 106 сая төгрөгийг олон улс, тив дэлхийн тэмцээн, уралдаанд амжилт гаргасан 45 хүүхдийг шагнаж урамшуулахад зарцуулсан гэх мэдээллийг “Шилэн данс”-наас харж болно. Бусдаар бол хүүхэд багачуудын хөгжлийг дэмжсэн ээлтэй, эрүүл орчин бүрдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажилд нэгч төгрөг зарцуулсангүй.
Төсвийн ерөнхийлөн захирах эрх нь ХНХ-ын сайдын мэдэлд бий. Сайд эрх мэдлийнхээ хүрээнд дээрх санд төвлөрсөн хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд яагаад зарцуулахгүй байгааг тодруулах бүрт салбарынх нь яам болон харьяа агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төслийн “олигтой” санал ирүүлэхгүй байна гэх үгээр ам таглаж өдий хүрэв. Үнэндээ энэ нь зүгээр л шалтаг төдий гэхэд буруудахгүй. Учир нь одоогоос гурван жилийн өмнө Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулж, урлаг, соёлын салбарын уран бүтээлчид хандивын тоглолт өрнүүлэн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эхлэлийг тавьсан. Ингэхдээ Хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр, тоглоомын талбай бүхий цогцолбор барина хэмээн телевизээр олон нийтэд мэдээлсэн билээ. Эл санаачилгыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дэмжиж, тус цогцолборыг барих 1.1 га газрыг Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт шийдвэрлэж өгсөн. Гэтэл манай сурвалжлах багийнхан тус газарт очиход ширхэг тоосго ч өрөөгүй байсан юм.
Газар нь бэлэн, эхлүүлэх хөрөнгө нь байхад холбогдох албан тушаалтнууд гар хумхин суусаар байгаа нь олон нийтийн дунд бухимдал төрүүлэх болсон. Иргэд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг “түгжээд” суух биш, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ямар нэгэн ажил хийгээсэй гэж хүсэж байна. Тиймээс бид энэ удаа иргэдийн төлөөлөл болгон 186 хүнээс санал асуулга авч, үр дүнг нь хүргэж байна. Тодруулбал, найман асуулт бүхий санал асуулгыг цахимаар явуулж, 186 хүнийг хамрууллаа. Тэдний 75.7 хувь нь эмэгтэй бөгөөд 16-55 насныхан байв. Санал асуулгад оролцогчдын 93.5 хувь нь Монгол Улс хүүхдэд ээлгүй орон гэдэгтэй санал нэгдсэн бөгөөд хүүхэд алхам бүртээ аюул дунд байна гэж үзжээ. Тухайлбал, тэдний олонх нь хүүхдэд зориулсан стандартын шаардлага хангасан тоглоомын талбайг хотхон бүрт байгуулах, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, хоол хүнсний аюулгүй байдалд анхаарах, гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, сургууль орчмын дээрэлхэлтийг зогсоох, сурагчдын үдийн хоолыг шим тэжээлтэй болгож, хэмжээг нь нэмэгдүүлэх, хүүхдийг хөгжүүлэх сургалт, дамжааг хүртээмжтэй байлгаж, боловсролын ялгааг арилгах гэх мэт санал ирүүлсэн юм.
Ялангуяа ор нэр төдий тоглоомын талбай биш, стандартын дагуу барьсан, хүүхэд тоглох зай нь чөлөөтэй, бие биедээ саад учруулахгүйгээр байлгахыг хүсэж байна. Савлуур, гулсуур зэрэг тоглоомыг ойрхон байрлуулснаас айд хүүхдүүд нэгнээ гэмтээх бэртээх тохиолдол байнга гардгийг учирласан. Мөн гэр хороололд амьдарч буй хүүхдүүдийг чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болгох, дугуйн зам олныг барих зэргээр тал бүрийн ажил өрнүүлж байж хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
үүнчлэн иргэдийн зүгээс ирүүлсэн саналд хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн нь анхаарал татлаа. Хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд багаас нь анхаарал хандуулж, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гаднаас ирэх саад бэрхшээл, бухимдал, уйтгар гунигийг хэрхэн даван туулах, уруу татах, буруу зуршлаас бие, сэтгэлээ хамгаалахад нь туслах хэрэгтэйг сануулжээ. Бие нь эрүүл ч сэтгэл нь “өвчтэй” хүн олон байгаад санал асуулгад оролцогчдын цөөнгүй нь санаа зовниж буйгаа илэрхийлсэн байв. Эрүүл харилцаанаас эрүүл нийгэм бүрдэнэ гэж тэд үзэж байна. Сүүлийн үед хүүхэд залуус ирээдүйдээ итгэх итгэл сул, хорт зуршил ихтэй, сэтгэл гутрал, түгшилт, айдастай байгааг эрүүл мэндийн болон боловсролын салбарын мэргэжилтнүүд батлан хэлж буй.
Тиймээс хүүхдүүдийн тэгш хүртээмжтэй сурч, хөгжих, боловсроход зориулсан төвүүд олноор байгуулж, “завгүй” байлгахад анхаарах хэрэгтэйг онцолсон. Ийм төв байгуулах боломж, нөөц нь манай улсад бий. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан 11 орчим тэрбум төгрөгөөр иргэдийн хүсэн хүлээж буй ажлуудаас эхлүүлэх боломжтой. Санал асуулгад оролцогчдын 41.8 хувь нь Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулсан тухай сонссон, мэднэ гэж хариулсан. эд тус сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын олон ажил хийх санал хүсэлтээ уламжилсан ч хамгийн чухал гэж үзсэн эрэмбээр харахад 56 хувь нь дүүрэг бүрт Хүүхэд хөгжлийн төв байгуулахад санал нэгджээ. Харин номын сан, хүүхэлдэйн театр, тоглоомын талбай бүхий цогцолбор барихыг хүсэж буйгаа судалгаанд оролцогчдын 50.5 хувь нь илэрхийлсэн юм. Нөгөө талаас санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь Хүүхдийн төлөө сангийн талаарх ойлголтгүй байгаа нь үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр бүтээлтэй ажил эхлүүлэх шаардлагатайг харуулж байна.
Үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд мэдээлж байхыг иргэдийн зүгээс хүсэж буйг ХНХЯ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн төлөө сангийн Удирдах зөвлөлийнхөн анхааралдаа авна гэж найдья. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ямар ажил эхлүүлэхээ мэдэхгүй уймарч суугаа албаныханд хийх ажил мундахгүй олон байгааг иргэд сануулж, бас шаардаж байна. Тиймээс бид иргэдээс ирүүлсэн бүтээн байгуулалтын ажлын талаарх санал хүсэлтийг ХНХЯ-нд уламжилж, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалт эхлүүлэх, үр дүнтэй зарцуулах, ажлыг эрчимжүүлэхийг шаардаж, дараагийн мэдээллээ хүргэх болно.