Боомтын сэргэлтийн үндэсний хорооныхон (БСҮХ) Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайтын боомтод ажиллажээ. Энэ үеэр Хятадын талд нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, химийн аюултай ачаа болон газрын тосны бүтээгдэхүүн нэвтрүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомтыг өдрийн амралтгүй болгох, олон улсын зэрэглэлд шилжүүлэх, автомат удирдлагатай нүүрс тээвэрлэлтийн AGV-г 24 цагаар ажиллуулах талаар санал тавьжээ. Мөн төмөр замын холболтын Хятадын талын 3.75 км замын ажлыг шуурхайлуулахыг хүссэн байна. Урд хөршийн зүгээс дээрх боомтоор тээвэрлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, эхний ээлжид жилд 20, улмаар 40 сая тоннд хүргэх ажлыг үе шаттай урагшлуулах, төмөр замын зураг төслийг гаргасан учраас ажлын төлөвлөгөөгөө удахгүй мэдээлнэ гэжээ.
БСҮХ-ныхон Гашуунсухайтын боомтод ажиллаж буй тээвэрчидтэй уулзжээ. Тээвэрчид ачааллаас шалтгаалж хил нэвтэрч чадахгүй Ганцмодны боомтод хонодог, мөн Гашуунсухайтад өрнүүлж буй бүтээн байгуулалтын улмаас амрах байргүй, орчин нөхцөл тааруу байгаагаа илэрхийлсэн аж. Тэгвэл албаныхан тээвэрчдийн амрах нөхцөлийг сайжруулахыг Хятадын талд уламжилж Ганцмодод амрах байр барьж буйг, мөн Гашуунсухайтын бүтээн байгуулалтыг энэ онд багтаан дуусгах учраас тээвэрчид илүү тохьтой нөхцөлд амарч эхлэхийг дурджээ.