Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурал даваа гарагт болно. Уг хурлаар тэд ҮБХ-ны гишүүдийнхээ тодорхой хэсэгт нөхөн сонгууль явуулах юм. Татвараа хугацаанд нь төлөөгүй, гадаад явсан, нас барсан зэрэг шалтгаанаар нөхөн сонгууль явуулах сул суудлууд бий аж. Тус намын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Дүрмийн дагуу нөхөн сонгууль хийнэ. ҮБХ 504 гишүүнтэй байх дээд хязгаартай” хэмээн ярьсан. Тэгэхээр энэ тоонд хүргэж, квотоо нэмэх замаар фракцууддаа “бялуу” хувааж мэдэх нь. Энэхүү хурлаар үүнээс гадна генсек болон дэд даргаа томилж, ирэх сонгуулиар хэрхэн ажиллах дүр зургаа гаргана. Хоёр удаагийн шат шатны сонгуулийн бүтэлгүйтэл, хэдэн тийш харан талцсаны эцэст арай гэж нэгдээд хийж буй ҮБХ-ны ээлжит бус хурал учир нэлээд “халуухан” болох нь тодорхой. Үүнтэй зэрэгцээд АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Х.Баттулга орон нутагт “үзэгдсэн” нь нийгмийн сүлжээнд талцал, хардлага үүсгэв. Л.Гантөмөр ах нараасаа хараат бусаар ажиллаж чадах уу, бүх фракцынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүй зангидаж амжих уу гэсэн асуулт байгаа юм.
Х.БАТТУЛГА ИЛ ГАРЧ ИРЭВ
Нэлээд удаан чимээгүй байсан тэрбээр олонд ил гарч ирэв. Гурав хоногийн өмнө Баянхонгор аймагт “Хөх Монголын хөх туг” нэртэй чуулган болж, экс Ерөнхийлөгч тайзан дээрээс баялагтаа эзэн байх, намаар талцах биш, нэгдэж ажиллахыг монголчуудад уриалжээ. “Хөх Монголын хөх туг” гэдэг нь түүний байгуулсан хөдөлгөөний нэр гэнэ. Улмаар аймгуудаа тойрч ажиллах сурагтай. Нэг ёсондоо өөрийнхөө дэмжигчдийг цуглуулж, бас байр байдлыг “тандаж” яваа юм байна. “Нам дамнан санхүүжүүлдэг баялгийн эзэд биднийг талцуулж байна” гэж ярьсныг нь нийгмийн сүлжээгээр зарим хүн “Өөрийгөө хэлээд байна уу даа” хэмээн ёжилжээ. АН-аас Баянхонгорт нэр дэвшин сонгогдсон А.Адъяасүрэн гишүүн түүнийг дагалдсан байна. Сонгогдсон тойрог нь учир үүнд гайхах юм үгүй. Харин “хиншүү” хочит, УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэнд нэг л “илүү” харагдаад байв. Тэрбээр 2020 онд МАХН-аас Орхон аймагт нэр дэвшин сонгогдсон. Гэвч жилийн дараа МАХН-ынхан МАН-тай нэгдэх үеэр АН-д элссэн юм. Сонгууль бүрээр шахам харьяалагддаг намаа сольчихсон “тууж явдаг” учир түүнд дамжаагүй улс төрийн хүчин ч цөөн үлдэж байгаа болов уу. Тэрбээр Х.Баттулгатай нийлснээр ирэх сонгуулиар Баянхонгорт нэр дэвших тохироо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй.
Юутай ч Х.Баттулга “нүүрсний” гэх хэрэгт нэр нь холбогдчихоод БНСУ руу зугтчихлаа гэсэн хардлага энэ оны эхээр гарсан. Гэхдээ тэр эргээд ирсэн. Одоо аймгуудаар ажиллаж, сонгуулийн бэлтгэлээ хийж явна. Нэгэн цагт АН-аас нэр дэвшин, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүнийг одоо намаасаа холдуулах, түүнгүй л бол бүх юм сайхан болно гэж үзэх хүн олшроод буй. Ялангуяа АН-ын залуус дунд бараг “Х.Баттулгагүй АН хөдөлгөөн” өрнөөд байгаа юм уу даа. “Х.Баттулга Л.Гантөмөртэй тохиролцож чадаагүй учир тусдаа нам байгуулна гэнэ” гэсэн “бор шувуу” ч нисгэж эхэлжээ. Энэ нь үнэндээ шинэ яриа биш. 2016 оны сонгуулиар түүнийг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын ард бий гэсэн мэдээлэл гарч байв. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс сонгогдон гишүүн болсон Г.Уянга тус намын даргаар сонгогдох үед уг яриа хүчтэй дуулдаж байсан юм.
Х.Баттулга ямар нэг байдлаар хууль зөрчсөн, эсэхийг холбогдох байгууллага нь тогтооно. Тэр болтол улс төрийн үйл ажиллагаагаа энэ хүн явуулсаар байх биз. АН доторх нөлөө бүхий фракцуудын нэг МоАХ-ны тэргүүлэгч тэрбээр хэсэг хүний хүсээд буй шиг зүгээр л хаалга хаачихгүй нь тодорхой. ҮБХ-ны гишүүдэд 100 хувийн ротац буюу эргэлтийн сонгууль хийх шаардлагыг түүний зүгээс Л.Гантөмөр даргад тавьсан аж. Эрх мэдлийн гол төв болдог АН-ын энэ шатны байгууллагад өөрийн хүмүүсээ түлхүү оруулахыг бүх фракцын удирдагч хүсэж байгаа. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвших, жагсаалтад багтаах хүмүүсийн квотоос эхлээд яриа тохироо хийнэ. Тэрбээр намын даргаасаа нэр дэвшигчдийн 60 квот хүссэн тухай мэдээлэл өчигдөр зарим хэвлэлээр цацагдсан байна. Ардчилсан нам яаж ч дордсон нэр нь, орон зай нь хэвээр байгаа. Үүгээр дамжуулан олж авсан, олж авах эрх ашгаа зүгээр л орхиод явчих хүн Х.Баттулга биш. Нөгөө талдаа түүний нэр, дэмжигчдийн нөлөө АН-д ч бас харилцан хэрэгтэй. Тэгэхээр тэд хүссэн, хүсээгүй эвлэлдэж, тохиролцож таарах нь.
Ц.ЭЛБЭГДОРЖ ЗАЙНААС АЖИГЛАХ УУ
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч үе үе залууст зориулан лекц уншиж яваа аж. Өнгөрсөн зургадугаар сард тэрбээр “Дэлхий ба Монгол сорилт, боломж” лекц уншжээ. Энэ үеэр түүнээс ирэх сонгуульд нэр дэвших, эсэхийг нь асуусан оролцогчид “Миний нэр жагсаалтад байхгүй. Үнэндээ улс төрд орохгүйгээр улсдаа хувь нэмэр оруулах боломж надад бий. Чи юм хийж чадахгүй, амжаагүй бол хойч үеэрээ хийлгэх нь ухаалаг бөгөөд зөв зам юм” гэж хариулжээ.
Харин бодит байдал арай өөр байна. Экс Ерөнхийлөгчийн нөлөө АН дотор эдүгээ ч хүчтэй хэвээр байгаа юм. Л.Гантөмөрийн “Нэг ардчилал” фракцын ард түүнийг байгаа гэдэг. Даваа гарагт хуралдах ҮБХ-ны хурлаар тус намын генсекийг тодруулахаар төлөвлөсөн. Генсек болох магадлалтай хүмүүсийн нэг нь Ерөнхийлөгч асны зөвлөх байсан Ч.Өнөрбаяр. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийн хүнээ зүтгүүлж байгаа аж. Энэ мэтээр намын гол эрх мэдлийг “Нэг ардчилал” фракц буюу үүгээр дамжуулан Ц.Элбэгдорж авахаар оролдож байгаа гэхэд болох нь. Гэхдээ Л.Гантөмөр “жолоогоо” шууд экс Ерөнхийлөгчид атгуулчихаад, 100 хувь түүний заавраар ажиллахгүй. Тэр ч бас өөрийн туршлага, багтай улстөрч учраас энд ч мөн тохиролцоо өрнөнө. Ц.Элбэгдорж намын даргатайгаа жагсаалтын нэлээд дээгүүр бичүүлэх тохиролцоо хийсэн сурагтай. Тэрбээр С.Эрдэнэ даргын үед буюу жилийн өмнө ҮБХ-ныхоо гишүүн болсон юм. Өөрөө жагсаалтад багтаж аваад, зайнаас ажиглах байдлаар хийж амжаагүй ажлаа гүйцээхээр “хойч үе”-ээ зүтгүүлж буй бололтой.
МОГОЙГ ГУРАВ ТАСЛАВЧ ГҮРВЭЛИЙН ЧИНЭЭ
Л.Гантөмөр ийнхүү ах нарынхаа учрыг олох гээд зүдэрч байх зуур энэ намын залуус, дэмжигчид үе үе цуглах болжээ. Элийрэгч хочтой иргэн Г.Уянга ийм уулзалтуудыг уриалан зохион байгуулж буй юм билээ. МАН хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй олонх болсон. Одоо гурав дахь удаагаа энэ байдал давтагдвал манай улсад жинхэнэ утгаараа нэг намын тогтолцоо эргэлт буцалтгүй тогтоно. Тиймээс тэнцвэрийг хадгалах, энэ тогтолцоог задлах хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй. Энэ байр суурийг унаж, босож яваа АН-аас өөр бүрэн гүйцэтгэх нам манайд одоогоор алга.
2020-2024 оны парламентад гуравдагч хүчнийг төлөөлөн нэг суудал авсан ХҮН намд залуус найдлага тавьдаг. Гэвч энэ намд төрийн эрхийг дангаар байтугай хамжаад барилцсан туршлага, Засгийн газарт сайд хийж үзсэн түүх үгүй. ИЗНН-ынхан ирэх сонгуулиар УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авна гэж мэдэгдэж байгаа. Гэвч эдгээр намд дангаар сөрөг хүчин болох, бүлэг байгуулах хэмжээний бодит магадлал муу юм. Сонгогчдын итгэлийг хүлээхүйц гуравдагч хүчний намууд эвсэж сонгуульд оролцвол л илүү үр дүн гарах болов уу. Тиймээс иргэд 30 гаруй жилийн түүхтэй АН-ыг л аль болох хурдхан эвлэж, сэхэж, МАН-ын эрх мэдлийг задлаасай гэж хүлээж буй. Сүүлийн 30 жилд тус нам дангаараа болон МАН-тай эвсэж хэд хэдэн удаа төрийн эрхийг барилцаж явсан, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсээр ирсэн.
Могойг гурав таславч гүрвэлийн чинээ гэдэг. Туулсан туршлага нь ч, нэр нь ч үнэ цэнтэй хэвээр байгаа учраас л АН-ын хуучин лидерүүд, клуб нэрээр байгуулагдсан залуусын шинэ фракцууд намтайгаа “зууралдсаар” байгаа биз. Үгүй байсан бол тэд тус тусдаа шинэ нам байгуулаад явчихаж болох байв. Улс төрийн олон гол шийдэл гаргах ҮБХ-ных нь хурал дөхөх тусам энэ намын фракцууд байр сууриа янз бүрээр илэрхийлж, тэр нь “эвлэшгүй” мэт харагдуулж байна. Нөгөө талаар энэ нь тус намын бусдаас ялгарах нэг онцлог болдог. АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж “Бид эв нэгдэлтэй байгаа, манай үе үеийн лидер, удирдлага хамтран ажиллаж байна” хэмээн онцолно лээ. Хэрүүлээ хурдан дуусгаад, хийх ажилдаа санаа тавих хэрэгтэй байгаа юм, тэд.