Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран наймдугаар сарын 25-27-нд "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2023"-ыг зохион байгуулж байна. Фестивальд оролцохоор АНУ, Тайвань, Чех, Хятад, Орос, Австрали, Казахстан, Япон, Солонгос зэрэг улсын 150 орчим явган алхагч хүрэлцэн ирж байгаа бол Монголоос 200 гаруй явган алхагч оролцохоор бүртгүүлээд байна.
Оролцогчид наймдугаар сарын 25-нд Баянзүрх дүүрэг, Хонхор тосгон, Богд хан уул, “Монгол оллэ” 1-р маршрут, наймдугаар сарын 26-нд Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут, наймдугаар сарын 27-нд Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрутаар алхана. Явган алхагчид гэр бүл, найз нөхөд, хамт олноороо тус фестивальд оролцохоор нэгдэж байгаа бөгөөд байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, олон орны хүмүүстэй танилцаж, Монголынхоо өв соёлыг сурталчилж, нөхөрлөлийн хүрээгээ тэлэх зэрэг олон боломж бүрдэж байна.