Цочмог халдварт боомоор Төв аймгийн Мөнгөнморьт сумд нэг хүн өвчилжээ. Уг сумд малын боом өвчин гарсан юм байна. Энэ сарын 21-нд тухайн иргэнээс өвчний шинж тэмдэг илэрч, эрүүл мэндийн байгууллагад хандсан бөгөөд оношийг баталгаажуулах үүднээс Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)- ийнхөн сорьц авч, лабораторийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариугаар тухайн иргэн боом өвчний арьсны хэлбэрийн халдвар авсан нь батлагдсаныг дээрх төвөөс мэдээлэв. Өвчтөнийг өдгөө Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хүндрээгүй, тогтвортой байгаа гэнэ. Одоогоор голомтын тандалт судалгааг хийж, халдварын эх уурхай, дамжих эрсдэлийг тогтоох, эцсийн халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээг газар дээр нь хэрэгжүүлж буй аж.
Боом нь арьс, тунгалгийн зангилааг гэмтээдэг, малаас хүнд дамждаг, байгалийн голомтот халдварт өвчин. Манай улсын 18 аймгийн 160 сум уг өвчний байгалийн голомттой. Өөрөөр хэлбэл, хөрсөнд олон жил хадгалагддаг учир газар ухах үед халдварлах эрсдэлтэй юм байна. Тархах замын тухайд ЗӨСҮТ-өөс “Уг өвчин хүнээс хүнд халдварлах магадлал тун бага. Манай улсад ийм тохиолдол гарч байгаагүй. Ихэвчлэн малаас халдварладаг” гэсэн мэдээлэл өгөв. Халдвартай мал, амьтан, тэдгээрийн түүхий эдэд хүрэх үед боомоор өвчлөх эрсдэлтэйг дээрх төвийнхөн анхаарууллаа. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд Увс аймгийн Улаангом сум болон нийслэлд тус бүр нэг хүн боомоор өвчилжээ. Энэ оны тухайд анхны тохиолдол Төв аймагт ийнхүү бүртгэгдэв.
Бэлтгэсэн: М.Оч