Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган гурван өдөр үргэлжлээд, өчигдөр өндөрлөлөө. “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж, үйлчилгээг бүтээе” сэдвийн хүрээнд болсон уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Чуулганы сүүлийн өдрийн хуралдааныг Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумын ерөнхийлөгчийн төлөөлөгч, БНСУ-ын Үндэсний ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга Донкун Шин нээсэн байна. Улмаар гаргасан эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний талаарх үйл ажиллагааны болон Төв аймагт ажилласан талаарх танилцуулгыг оролцогчид хэлэлцжээ. Олон улсын парламентчдын төлөөлөл Монгол Улс алслагдсан сум, орон нутаг дахь иргэддээ эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хэрхэн хүргэдгийг мэдэхийн тулд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд ажилласан юм. Алтанбулаг сумд олон улсын донор байгууллагуудын тусламжтайгаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйл чилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлснээр эерэг үр дүн цөөнгүй гарч эхэлжээ.
Анхан шатны тусламж үзүүлэх зардлыг нэг иргэнд 20 мянган төгрөгөөр тооцдог байсныг энэ оны төсөвт 60 мянга болгож нэмсэн аж. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт анхаарч буй, нэг хүнд ногдох санхүүжилтээ нэмсэн, мобайл технологи ашиглан төвөөс алслагдмал газарт амьдарч буй малчдын эрүүл мэндэд санаа тавьж байгаа манай сумуудын туршлагыг оролцогчид чуулганы үеэр сайшаасан байна. Улмаар зарим оронд шинэ туршлага болно гэж үзжээ. Чуулганы хуралдааны төгсгөлд “Улаанбаатарын хамтарсан тунхаг”-ийг баталлаа. Эрүүл мэндийн асуудалд парламентчдын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх явцыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах замаар Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хууль, эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх нь уг форумын зорилго аж.