Монголын Органик ногоон хүнсний холбоо ТББ-аас зохион байгуулах “Веган фестиваль-2023” энэ амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус фестиваль нь дэлхий дахинд наймдугаар сарын 26-нд тэмдэглэдэг “Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр”-тэй хамтатган “Веган бол шийдэл” уриан дор тэмдэглэж байгаагаараа онцлог. Фестивалийн зорилго нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, амьтны эрх, монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчлөл, хавдараас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох дадал зуршил, цаашлаад хүн төрөлхтөний байгалийн эсрэг ул мөрийг бууруулах, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлын шийдэл нь веган болох тухай мэдээллийг өгөх юм.
Энэ жил хоол хүнс, бүтээгдэхүүн, амттан, гоо сайхны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, байгаль орчин, органик тариалан, амьтны эрх, йог, биеийн тамир, спорт, эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд, мөн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зэрэг 30 орчим газар хамтран зохион байгуулж байна. Тус фестивалийг урлагийн шинэлэг тоглолттой, шагналтай хөгжөөнт тоглоом, сонирхолтой зочдоор дүүрэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг уриалсан баялаг, сонирхолтой хөтөлбөртэйгөөр зохион байгуулна.