2019 онд Монгол Улс саарал жагсаалтад орсноор гадаадын томоохон банкуудад данстай байх, гүйлгээ хийх харилцаа зогссон. Хөрөнгө оруулалт, гадаад худалдаа хийхэд ам.долларын гүйлгээ түгээмэл байдаг учраас ам.долларын данстай байж, гүйлгээг шуурхай хийхэд асуудал үүссэн. Дээрх хугацаанд Солонгос, Сингапурын банкаар дамжуулан ам.долларын гүйлгээ хийдэг байсан бол Америкийн засгийн газар, тэр дундаа Сангийн яамтай удаа дараа хэлэлцээр хийж байжээ. Улмаар Америкийн Нью-Йорк Меллон банктай хамтран ажиллахаар болсон байна. Тус банкинд Монголбанкны тодорхой хэмжээний нөөцийг байршуулна. Улмаар Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноос хойш АНУ-ын банканд ам.долларын ностро данс нээх анхны арилжааны банк болох болзлыг Худалдаа хөгжлийн банк хангаад байна. Үүний араас Голомт, Хаан банкуудын данс нээх процесс явагдаж байна.