Өмнөд хөршид болж буй “Eastern epic” буюу ”Дорнын туульс” олон улсын тэмцээнд манай уулын дугуйн спортынхон найман орны 170 тамирчинтай хурд сорьж байна. Тус тэмцээнд 85 баг оролцсоноос БНХАУ-ын дугуйчид эхний хоёр байрт жагссан бол манайхан нийлбэр дүнгээр хойд хөршийнхнийг ардаа орхиж, III байрт шалгаран, хүрэл медаль хүртжээ. Тэгвэл Төв аймагт 24 дэх удаагийн “Tour de Mongolie 2023” долоон өдрийн, 700 км-т уралдах тэмцээнийг дөрвөн насны ангилалд зохион байгууллаа. Тус тэмцээний эхний байршил тогтоох 11.2 км-ийн уралдаанд “Team Oggi” клубийн тамирчин, Азийн аварга, ОУХМ Б.Марал-Эрдэнэ түрүүлж, шар цамцны эзэн болсон юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн элит ангилалд мөн тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийнхэд Ж.Анужин (“Team Oggi”), залуучуудынхад А.Хүслэн (“Алдар” спорт хороо), Т.Хонгорзул (“Team Oggi”) нар аваргаар тодров.