Эрүүл мэндийн байгууллагуудын хооронд өвчтөн шилжүүлэх баримт буюу 13А гэж нэрийдсэн хуудасны эргэн тойронд үл ойлголцол, бухимдал үүссээр. Иргэд, өрхийн болон бусад эмнэлэг, ЭМЯ гэсэн субъектүүдийн дунд, аль аль талынхны хэлж ярьсныг шүүн тунгааж үзэхэд эрүүл мэндийн салбарт бодлого боловсруулагчид нөхцөл байдлыг сайтар судалж, холбогдох хууль, дүрэм, журам, тушаал, шийдвэрээ сайжруулах шаардлагатай нь харагдаж байна. Эс тэгвээс энэ маягттай холбоотой иргэдийн болон өрхийн эмнэлгийн эмч нарын санал, гомдол, цөхрөл барагдахгүй бололтой.
ЭМЯ-ны мэргэжилтнүүд “13А гэдэг бол шинэ зүйл биш. 2000 оноос баримталж байгаа дүрэм, журмын хүрээнд өвчтөн шилжүүлэх хуудас шүү дээ. Тэгээд ч иргэд утсаар шаардахад өрхийн эмч нар цахимаар шилжүүлчихдэг юм биш. Өрхийн эмнэлгүүдэд ачаалал нэмэгдээд байна гэдэг. Яагаад ачаалал ихсээд буйг ойлгохгүй байна” хэмээсэн юм. Гэтэл бодит байдалд юу болдог талаар өрхийн эмч тодорхой хэлэв. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-3 дугаар хорооны оршин суугчдад үйлчилдэг “Мэнд цолмон” өрхийн эмнэлгийн эмч ингэж ярилаа. “Хаана хаанаа хэрэг болоосой гэсэн үүднээс хэлье. Журмаар бол иргэд өрхийн эмнэлэгт үзүүлж, эхний байдлаар оношлуулаад, шаардлагатай бол 13А маягт авах ёстой.
ЭМДЕГ-аас ч хүмүүсийг үзээгүй байж, утсаар залгаж, авъя гэсэн болгонд 13А-г өгч болохгүй гэдэг юм. Гэтэл оршин суугчид “Би яг одоо I юм уу, III эмнэлэгт үзүүлнэ, цаг авсан, авах гэж байна. Маягт цахимаар явуулаач” гэдэг. Ирж үзүүлж авах ёстой талаар хэлэхэд уурлаж, “Нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ. Та нар луу явж цаг алдмааргүй байна. Хорооны чинь иргэн байна, одоо явуул. Хүлээж байя” гэдэг. Хүн үзэж байхад залгасан тохиолдолд завгүй байна, хэдэн минутын дараа болъё гэхэд “Ганц товч дараад явуулчихаач. Чамайг хэдий болтол хүлээх юм. Замын түгжрэлд ядарна. Бас маягт хүлээж цаг алдаж суух уу” гэдэг. Ирж үзүүлээд, маягтаа шилжүүлүүлдэг хүмүүс байдаг л даа. Гэтэл тэр хүмүүс II шатлалын эмнэлэгт очсоных гээд, нэг бус кабинетад орох гэдэг. Тийм тохиолдолд дахиад маягт хэрэг болох нь бий. Уг нь тухайн эмнэлэг рүү илгээсэн 13А-гаар иргэн бүхий л мэргэжлийн эмчид үзүүлэх боломж нь нээлттэй байвал сайн.
Мэс засал, чих, хамар, хоолой, арьсны өвчний кабинет зэрэг туг маягтыг шаардахгүйгээр хүлээж авч үзэхээр журамд заасан. Гэтэл зарим эмнэлгийн цахим бүртгэлийнхэн маягт шаардсан тохиолдол удаа дараа гарлаа. Тухайн эмнэлгийнхэн тэр чигээрээ дүрэм, журамтайгаа сайтар танилцаагүй байдаг юм уу, эсвэл цахимаар бүртгэгч мэддэггүй юм уу, бүү мэд. Ер нь бол өвдсөн хүн учраа хэлээд шаардаад байхад бид өгч л таардаг. Хүн үзэж байгаа үед утасны цаанаас маягт нэхэх хэцүү. Бидэнд ачаалал болдог. Ядаж дотоод шүүрэл, мэдрэлийн эмчийн хяналтад байдаг хүмүүсээс 13А нэхэхээ больчихмоор. Чихрийн шижинтэй хүмүүс сар бүр инсулин авдаг. Байнга үйлчлүүлдэг тэр хүмүүс сар тутамд өрхийн эмнэлэгт ёс гүйцээх мэт ирэх шаардлагагүй. Тэгээд ч бид ийм хүмүүс утсаар ярихаар маягтыг цахимаар шилжүүлчихдэг юм. Яагаад гэвэл тэр хүн ирсэн, ирээгүй адилхан. Ирлээ гээд өвчин нь эдгэчих юм биш. Жирэмсний хяналтад байх эмэгтэйчүүд болон хүүхдээс энэ маягтыг нэхэхээ больсноос хойш ачаалал харьцангуй буурсан л даа. Үүнийг зөв шийдвэр гэж харж байгаа. Нэгэнт ингэж зохицуулж болж байгаа юм чинь, бусдыг нь ч иргэдэд чирэгдэлгүй байхаар арга хэмжээ авч болмоор” хэмээсэн юм.
Нэгэн иргэний гомдол. Тэрбээр “Юун иргэдийн эрүүл мэндийг хамгаалах вэ. Бүр ядраачих юм. Эмнэлэгт үзүүлэхээр очиход 13А маягт нэхнэ. Өрхийн эмнэлгээс авах гэхэд дүүргээр дамжуулж явуулдаг гэлээ. Дүүргийн эмнэлэгт 15.00 цагт очтол эмч нь явчихаж. Ингээд нэг өдөр алдав. Маргааш нь дахин дүүрэгт очлоо. Үзүүлэх I эмнэлэг рүү минь өнөөх 13А гээчийг явуулсан гэлээ. Тэнд очиж цаг авлаа. Гурван өдөр болж байж үзүүлтэл онош тодруулуулахаар өөр эмнэлэг рүү чиглүүлэв. Дахиад л 13А хэрэг болов. Энэ чирэгдэлтэй системээ өөрчлөөч ээ” гэлээ.
Эрүүл мэндийн салбарын нэгэн ажилтан олон нийтийн сүлжээнд
“Улсын эмнэлэгт үзүүлэх гэхээр өчнөөн сараар дугаарлах хэрэг гарах юм, өвдөөд хэцүү байна, эмчилсэнгүй, аварсангүй гэх хүн маш олон. Ганц Монголд ч биш, гадаадын улс орнуудын эмнэлгүүд мөн адил 2-3 сарын дараа үзэхээр дугаарлуулан бичдэг. 13А маягт нь олноор бөөгнөрөн дугаарлаад байгаа III шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, иргэд өрхийн буюу хорооныхоо эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Та яагаад өрхийн эмчдээ үзүүлж болохгүй гэж. Яагаад дүүргийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж болохгүй вэ. Яагаад заавал ачаалал ихтэй III шатлалынх руу зүтгээд байдаг юм бэ. Осол, гэмтэл, цус харвалт, шигдээс гэх мэт өвчтэй хүмүүсийг аль ч том эмнэлгийн яаралтай тусламжийн төвүүдэд дугаар, харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй хүлээж авдаг. Харин архаг хууч, өөрсдөө урьдчилан сэргийлэх боломжтой, амьдралын хэв маягийн буруугаас болсон өвчнүүдийн тухайд дугаарлана, үгүй бол I болон II шатлалын эмнэлэгтээ л үзүүлнэ. Хуучин нийгмийн, хамаг юмыг үнэгүй авдаг сэтгэхүйгээсээ салахгүй, надад бүгд үнэ төлбөргүй, хурдан шуурхай, эeлдэг зөөлөн үйлчлэх ёстой гэж бодож болохгүй. Эцсийн эцэст таны эрүүл мэнд ЭМЯ-ныхны “эд” биш. Эмнэлгийнхнийх ч, эмчийнх ч биш. Өөрийнхөө “эд”-ийг өөрөө эхлээд хайрла” гэжээ.
Бас нэгэн иргэн “Ядахдаа хавдрын давтан хяналтад байдаг өвчтөнөөс 13А нэхдэгээ больчихооч. Иргэдэд ээлтэй шийдвэр гаргаж бай л даа. Маягтыг цахимаар илгээдэг болсон гээд байгаа. Тэр чинь зөвхөн эмч хоорондын асуудал болж. Иргэдэд бол дарамт нэмэгдсэн байна. Амьдралаас тасарсан шийдвэрүүдээ эргэж хараач, болохгүйг нь цуцлаач. Балиар дарамтуудыг биеэрээ үзлээ, мэдэрлээ” гэжээ.
ЭМЯ-ны мэргэжилтэн “13А гэдэг бол шинэ зүйл биш. 2000 оноос хойш баримталж байгаа дүрэм, журмын хүрээн дэх өвчтөн шилжүүлэх хуудас шүү дээ” гэж хэлсэн ньүнэн. Хэн хүнгүй олон жил энэ хуудсыг авч, өгч эмчлүүлсээр ирсэн. Харин эмнэлгүүдийг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг тогтолцоо нэвтрүүлснээс хойш энэ маягт “амьдралын гол дүр” болсон гэж харсан. Эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчид энэ цэгт анхаарлаа төвлөрүүлэн бодож үзээсэй. Одоогийн тогтолцоо, системээ эргэж хараасай. Засаж залруулах бол түргэн шуурхай ажиллаасай.
ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нэгэнтээ “Бидний зүгээс өвчтөн шилжүүлэх журмыг боловсронгуй болгох явцад анхаарах хэрэгцээ шаардлага гарч байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ямар өвчлөл хамрагдах ёстой, аль оношоор маягт гаргаж өгөх зэргийг сайжруулна гэж үзэж байна” хэмээжээ. Түүний хэлснийг тогтож анзаарахад олон зүйл бодогдох. Уг маягтыг ямар өвчний оношоор гаргаж өгөхийг хэчнээн сайн эмч байлаа гээд далдыг харагч биш болохоор ялгаж, салгах амаргүй мэт. Гагц хүү хүний нөөц, ур чадвар, лаборатори, тоног төхөөрөмж гээд бүгдийг өөд нь татаж байж оношийг зөв тогтоож, эмчилж үйлчилснээр үр дүн хэмжигдэж, иргэдийн талархлыг ч хүлээх буй за. Түүнээс биш өрхийн эмнэлэгт очиход одоогийнх шиг сандал, ширээ, чагнуур барьсан эмч, утсаа шагайсан сувилагч л байвал хэнд ч эргэлзэх, тээнэгэлзэх сэтгэгдэл төрнө биз дээ.
Тэгэхээр “амьдралын гол дүр” болоод буй 13А хэмээх маягтын “шилжилт хөдөлгөөн”-ийг зөв голдирлоор зохицуулах гарц нь өрхийн эмнэлгүүдийн чанарыг эрс, бүхий л талаар сайжруулах явдал гэж үзэхээр. Тэгж гэмээнэ өдгөө III шатлалын эмнэлэгт үзүүлж, оношлуулан, эмчлүүлэхээр багталцахгүй чихцэлдэж буй хүмүүсийг тараах боломж олдож, гарц нээгдэх болов уу.
Томоохон эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрч, үзүүлж, эмчлүүлэх гэсэн иргэдийн бухимдал нэмэгдсээр байгаагийн буруу нь “амьдралын гол дүр” болохоо шахаж буй 13А маягтад бус, эрүүл мэндийн салбарын болхи тогтолцоонд байгаа юм биш үү.