Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Боловсролын багц хуультай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар мэдээлэл хийхдээ “УИХ-ын түүхэнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн, дээд, насан туршийн боловсролын тогтолцоонд анх удаа эрх зүйн шинэчлэл хийлээ” хэмээн онцолсон юм. Юуны өмнө энэ хичээлийн жилд цэцэрлэгийн 140 мянган хүүхдийн суудлыг бэлдсэн бөгөөд эхний шатны цахим бүртгэлд 127 мянган хүүхэд хамрагдсан байна. Тэрбээр “20 гаруй жил ужгирсан асуудлыг цэгцлээд хоёр дахь жилдээ л орж буй учир зарим нэг дутагдал, асуудал гарч байгаа. Энэ бүхнийг тухай бүрт нь шийдээд ажиллаж байна, нэг ч хүүхэд цэцэрлэггүй үлдэхгүй” гэсэн юм.
Улсын хэмжээнд 68 сургуульд 50 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байгаа. Үүнээс нийслэлд 47 сургуулийн 33 мянган хүүхдийн асуудал бий. БШУЯ-наас хийсэн судалгаагаар 12 дугаар ангийг 30 мянган хүүхэд төгсөж, нэгдүгээр ангид 70 мянган сурагч элсэж буй, хөрөнгө оруулалтын оновчгүй бодлогоос болж газар, зураг төлөвлөлтгүйгээр сургууль барих шийдвэр гарган, ажил нь жил дамнан сунжирч, зарцуулах төсөв өсдөг байдал, орон сууцын хотхонуудыг сургууль, цэцэрлэггүй барьдаг, түүнийг нь Улсын комисс хүлээн авдаг гэсэн үндсэн гурван том шалтгаанаар гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүссэн гэж тогтоожээ. Нийслэлд сургуульгүй 50, цэцэрлэггүй 17 хороо байгаа юм. Тиймээс Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд авах арга хэмжээний бодлогын шийдвэр гаргаж, ажил нь удааширсан сургууль, цэцэрлэгийн 74 барилгын хөрөнгө оруулалтыг энэ онд багтаан шийдвэрлэхээр болсон байна. Тухайлбал, тав болон 71 дүгээр сургуулийн барилгыг есдүгээр, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилгыг аравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулах гэнэ. Мөн 6000-аас дээш хүүхэдтэй, ачаалал ихтэй сургуулиуд цөөнгүй байгаа. Энэ хичээлийн жилээс төрийн өмчит их, дээд сургуулиудыг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургуулийг улсын хэмжээнд байгуулахаар болсон байна. Зарим сумд 11, 12 дугаар ангид цөөн сурагч сурдаг. Тиймээс сум дундын дунд, ахлах сургууль байгуулах замаар уг асуудлыг шийдэх нь.
Боловсролын багц хуулийн хүрээнд МСҮТ-ийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, нэршлийг нь мэргэжлийн боловсролын сургууль (МБС) болгосон байна. Улмаар ерөнхий боловсролын ахлах сургуулиудтай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх замаар суралцах хугацааг гурван жил болгон нэмжээ. Кредит шилжүүлэх боломж бүрдүүлэх тул МБС-ийг төгссөн хүүхэд их, дээд сургуульд үргэлжлүүлэн дөрөв биш, хоёр жилээр сураад төгсөх юм. Түүнчлэн Дундговь, Өмнөговь, Дорнод, Эрдэнэт дэх МСҮТ-ийн статусыг коллеж болгохоор шийдвэрлэжээ.
Эдгээрээс гадна он дамжиж, гүйцэтгэл удааширсан объектод хар жагсаалт гаргаж, 23 компанийн үйл ажиллагааг зогсоохоор Засгийн газраас шийдвэрлэсэн аж. Анхнаасаа тендер авахдаа будилуулсан, олон жил дамнуулан төсвөө нэмж, “тендерийн хонгил” үүсгэсэн эдгээр компанийн асуудлыг хуулийн байгууллага шалгах гэнэ. Мөн хуульд заасны дагуу Боловсролын үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулжээ. Уг зөвлөлд эцэг, эх, сурагчид, нийгмийн болон ТББ-ын төлөөллүүд орох боломжтой юм байна. Нийслэлийн ИТХ-аас 500 тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэр гаргасан. Үүний 100 тэрбум төгрөгийг ачаалал үүссэн, гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар хотын удирдлагатай тохирсныг сайд дуулгалаа.