8-р сарын 22-нд ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотод БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт эхэлжээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар БРИКС-ийн орнуудын удирдагчид эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх, улс төр, аюулгүй байдлын салбарын үйл ажиллагааг цаашид зохицуулах, хүмүүнлэгийн салбарт анхаарал хандуулж, гишүүн орнуудын ард түмний хоорондын харилцан үйлчлэлийн тал бүрийн хэлбэрийг нийгэм, соёлын түвшинд дэмжих гэсэн гурван багц асуудал хэлэлцэнэ.
Үүний зэрэгцээ БРИКС-ийн орнуудын удирдагчдын анхааралыг татсан асуудлуудыг хэлэлцэх юм. Үүний нэг нь зарим улс орнууд НҮБ-ын дүрэмтэй нийцэхгүй нэг талын хязгаарлалтын арга хэмжээ хэрэглэж байгаа явдал юм. Ийм хориг арга хэмжээ авах бодлого нь олон улсын харилцаа, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх боломжид хамгийн сөргөөр нөлөөлж байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад мөн эрчим хүчний асуудал чухал байр суурь эзэлдэг.
Иоханнесбургт болж буй уулзалтыг бэлтгэх явцад эрчим хүчний аюулгүй байдал нь дэлхийн бүх ард түмний эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдал, сайн сайхан байдлын үндэс суурь мөн гэдгийг онцлон тэмдэглэсэн. Ингэхдээ дэлхийн зах зээлд эрчим хүчний нөөцийг тогтвортой нийлүүлэх шаардлагатай байна.
Дараагийн чухал асуудлын нэг нь терроризм, экстремизмтэй тэмцэх явдал. Уулзалтад өргөн мэдүүлсэн баримт бичигт терроризмтэй тэмцэхэд давхар стандартыг үгүйсгэх цогц арга барил шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэжээ. Ингэхдээ террорист бүлэглэлүүд шинээр гишүүн элсүүлэх, хүчирхийллийг өдөөх зорилгоор ашигладаг олон нийтийн сүлжээг онцгой анхаарах хэрэгтэй.
БРИКС-ийн нөлөө дэлхийн хэмжээнд хүчирхэгжиж байгаа нь олон улс орнуудыг энэ бүлэгт элсэх хүсэл сонирхлыг татаж байна.
Сүүлийн үед БРИКС-ийн холбоо дэлхийн олон улс (50 гаруй) тэднийг хүлээн авахыг тууштай шаардаж буй нөхцөл байдалтай тулгараад байгаа аж.
"2022 онд БНХАУ-ын даргалсан дээд хэмжээний уулзалтын үр дүнд БРИКС-ийг өргөжүүлэх үзэл баримтлал, зарчим, стандарт, шалгуур, дүрмийг боловсруулах зорилгыг бүлгийн орнуудын удирдагчид тавьсан" гэж БРИКС дахь Өмнөд Африкийн орнуудын төлөөлөгч сэтгүүлчдэд хэлжээ.
ӨАБНУ-ын ГХЯ-ны тэргүүн уулзалтын нээлтийн өмнөх өдөр хэлэхдээ, 22 улс БРИКС-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ. Эдгээр нь Алжир, Аргентин, Бангладеш, Бахрейн, Беларусь, Боливи, Венесуэл, Вьетнам, Куба, Гондурас, Египет, Индонез, Иран, Казахстан, Кувейт, Нигери, Палестин улс, Саудын Араб, Сенегал, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Этиоп юм.
“БРИКС-ийг өргөжүүлэх эцсийн шийдвэрийг энэ дээд хэмжээний уулзалтын удирдагчид гаргана” гэж албаны хүн хэлсэн байна.
Дээд хэмжээний уулзалт гурван өдөр үргэлжилнэ.