Улаанбаатарт зохион байгуулж буй Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмын медальтнууд тодорсоор байна. “Степпе арена”-д болсон чөлөөт бөхийн эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдээс 48 кг-д У.Буянхишиг мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Мин Жаег 14:7-гоор буулган авч, шагналын тавцанд зогсов. Түүний дараахан 65 кг-д зодоглосон А.Анх-Эрдэнэ БНСУ-ын бөх Жүён Кимийг оноогоор цэвэр ялж, мөнгөн медалийн буухиаг үргэлжлүүллээ. Эмэгтэйчүүдээс Э.Даваадулам 43 кг-ын жинд гурван тамирчинтай тойргоор барилдан хүрэл медалиас атгасан. Мөн Б.Чулуун-Эрдэнэ 49 кг-ын жинд шийдвэрлэх III тойргийн барилдаанд БНХАУ-ын тамирчин Юү Занд оноогоор хожигдсон ч хүрэл медалийн болзол хангаж, шагналтнуудын тоог нэгээр ахиулсан юм. Хоёр дахь өдрийн барилдаанд зодоглосон эмэгтэй бөхчүүдээс 46 кг-д Б.Хулан мөн хүрэл медальтай тэмцээнийг өндөрлүүлэв.
Тэгвэл Налайх дүүрэгт болж буй, спортын хатан хаан хэмээгддэг хөнгөн атлетикийн төрлүүдэд долоон орны 156 тамирчин оролцож байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн гүйлтийн тэмцээн олон улсын стандартад нийцсэн тартам замд 200 метрийн өрсөлдөөнөөр эхэлсэн. 3000 метрийн зайд хурд сорьсон эмэгтэйчүүдээс Монголын тамирчин Д.Ганцэцэг удаалж мөнгө, 1500 метрийнхэд Б.Сэлэнгэ хүрэл, 4x400 метрийн буухиа төрөлд багаараа III байрт шалгарч хүрэл медаль хүртлээ. Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд эрэгтэйчүүдээс С.Цэрэнжамц хүрэл медаль зүүв. Мөн эмэгтэйчүүдийн волейболын шигшээ баг өчигдөр мөнгөн медаль авлаа. Монголын хөлбөмбөгийн талбайд болсон хөлбөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Макаогийн шигшээг 3.0-ээр хожиж, эх орондоо хүрэл медаль авчрав. Эсрэг багийн хаалганд эхний гоолыг У.Тэмүлэн, дараагийнхыг Н.Эрдэнэбаатар, Ч.Манлай нар оруулснаар хожлын салхийг өөрийн талд эргүүлсэн юм. Одоогоор Монголын баг гурван алт, есөн мөнгө, 20 хүрэл гээд нийт 32 медальтай тэмцээнээ үргэлжлүүлж байна.