Монгол Улс энэ сарын 11-17-нд 1.62 сая тонн нүүрс нийлүүлжээ. Улмаар 2023 он гарснаас хойш 39.09 сая тонн бүтээгдэхүүн экспортлоод буйг салбарын яамнаас өчигдөр мэдээлэв. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн 2023 оны эхнээс хойш 966.3 мянган тонн зэсийн баяжмал худалдсан байна. Түүнчлэн 3.38 сая тонн төмрийн хүдэр, баяжмал борлуулсан нь 39 хувиар өссөн дүн боллоо. Төвбанк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 9.66 тонн алт худалдан авчээ. Эргэн сануулахад, манай улс энэ онд 36.5 сая тонн нүүрс, 1.39 сая тонн зэсийн баяжмал, 8.42 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 6.5 сая баррель газрын тос, 100 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 400 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортлохоор төлөвлөсөн юм. Мөн 20 тонн алт олборлохоор төлөвлөсөн билээ.
Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар 166 703 тонн шатахууны нөөцтэй байсныг УУХҮЯ-наас мөн мэдээллээ. Үүнээс 3333 тонн нь А-80 (20 хоногийн), 48 835 нь АИ-92 (39), 3063 нь АИ-95 (23), 106 448 тонн нь дизелийн түлш (43) байсан аж. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд 99 043 тонн шатахууны үлдэгдэлтэй байв. Тодруулбал, А-80 бензиний 945, АИ-92-ын 34 790 (37 хоногийн), АИ-95-ын 1762 (24), дизелийн түлшний 56 952 тоннын (47) буюу хэвийн нөөцтэй байсан гэв. Манай улс 2023 он гарснаас хойш 1.56 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ