Санхүүгийн салбарын хоёрдугаар улирлын тоймыг гаргаснаа СЗХ-ноос танилцууллаа. Есөн бүлэг бүхий эл тоймд салбарын төлөв, хүртээмжийн үзүүлэлт, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ашигт ажиллагаа, тогтвортой байдал, бодлого зохицуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаажээ. Энэхүү тоймд дурдсанаар үнэт цаасны зах зээлд 608 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаа явуулж буй аж. Энэ оны хоёрдугаар улиралд 533.9 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 1.9 дахин өссөн үзүүлэлт болжээ. Нийт арилжааны 80.5 хувь нь хувьцаа, 4.6 нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, долоо нь компанийн бонд, 7.9 хувь нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасныхад ногдсон байна. Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.3 дахин нэмэгдэж 10.99 их наяд төгрөгт хүрсэн бол зах зээлийн арилжааны хөрвөх чадвар нэг хувь байсан гэнэ. Зах зээлийн үнэлгээгээр хамгийн өндөр таван компани нийт үнэлгээний 32 хувийг бүрдүүлсэн дүн гарсан аж.
МХБ-ийн Топ-20 индекст багтаж буй компаниудыг салбараар нь харвал 39.4 хувь нь аж үйлдвэр, 38.8 хувь нь банк санхүү, 18.1 хувь нь уул уурхай, 1.8 хувь нь харилцаа холбоо, 1.9 хувь нь худалдаа, үйлчилгээнийх байжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дуудлага арилжаагаар таван төрлийн 241 багц буюу 1.54 сая тонн нүүрсийг 1.22 их наяд төгрөгөөр борлуулсан аж. Үүний 82.9 хувийг БНХАУ, 11.4-ийг нь Хонконг, 5.7-г нь Сингапур худалдан авчээ.
Дээрх хугацаанд үнэт цаасны компаниудын нийт хөрөнгө 173.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 35.3 хувиар дээшилсэн гэсэн үг. 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого нь 16.7, зарлага нь 12.8 тэрбум төгрөгөөр өсөн 5.3 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. Түүнчлэн даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 20.2 хувиар нэмэгдэн 518.3 тэрбумд хүрсэн гэнэ. Мөн ББСБ-уудын нийт хөрөнгө 3.9 их наяд төгрөг болсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 763.2 тэрбум төгрөг буюу 24 хувиар илүү юм. Тэгвэл биржийн бус зах зээлд 29 үнэт цаас гаргагчийн 677.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 85 транч өрийн хэрэгслийг бүртгэж, 474.6 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Бас 200.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл гаргахаар хүлээгдэж буй аж. Харин Хөдөө аж ахуйн биржээр 10 төрлийн 494.9 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжсан нь 2022 оны мөн үеийнхээс 227.2 тэрбум буюу 31.5 хувиар буурсан дүн болов.
Бэлтгэсэн: Б.Сонор