Монгол улсад анх удаа баригдаж буй Газрын тосыг хол замд тээвэрлэх томоохон магистрал шугам хоолойн механик угсралт эхэлжээ. Хоолой нь газрын гүнд байрлах тул байгаль орчинд хоргүй, зэрлэг амьтны нүүдэл, малын бэлчээр сүйтгэхгүй, цаг уурын ямар ч нөхцөлд ажиллах боломжтой. Өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах 530 км урт хоолойгоор Дорнод аймаг дахь газрын тосны ордоос түүхий тос тээвэрлэгдэн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангана.