Нисэх загварын спортын “Дэлхийн цом”-ын цуврал хоёр тэмцээн Улаанбаатар хотод боллоо. Тэдгээр нь “Зуун билэг кап-2023”, мөн дасгалжуулагч Д.Занабазар агсны дурсгалд зориулсан “Занабазарын дурсгалын цом” тэмцээн юм. Монгол, БНХАУ, Япон Улсын 40 шилдэг тамирчин тэдгээр тэмцээнд оролцож, ур чадвараа сорив. Тав хоног үргэлжилсэн дээрх тэмцээнүүдийн эмэгтэйчүүдийн ангилалд Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүн” цогцолбор сургуулийн 12ё ангийн сурагч Н.Номин уран нислэгийн F2B төрөлд түрүүлж, хошой алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын цом гардсаныхаа дараа “Эх орондоо зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд дараалж түрүүлсэндээ баяртай байна. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын тамирчин Н.Номин “Дэлхийн цом”-ын эзэн боллоо гээд тайзан дээр зарлахад өөртөө итгээгүй.
Түрүүлнэ гэж төсөөлөөгүй надад медалийн тавцан руу алхах мөч үгээр илэрхийлшгүй баярт агшин байлаа. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, аваргын цом гардахад үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдсан. Ямар ч үед дэмжиж ирсэн гэр бүл, багш дасгалжуулагч, клубийн минь тамирчдын хичээл зүтгэл, итгэл найдвар намайг амжилтад хүргэсэн гэж боддог. “Дэлхийн цом”-ын хошой алтан медаль миний ур чадварыг хөгжүүлэх урам зоригийн үүд, хаалга байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Залуу зохион бүтээх төвийн дасгалжуулагч Ж.Баярбатын удирдлагад таван жил хичээллэсэн тэрбээр өнгөрсөн жил Польшийн Влоцлавек хотод болсон ДАШТ-ий эл төрөлд өрсөлдөж, мөнгөн цомтой ирсэн билээ.
Тэгвэл эрэгтэйчүүдээс Залуу зохион бүтээх төвийн тамирчин Д.Дашдорж “Занабазарын дурсгалын цом”-ын хоёр дахь цувралын хурдны F2A төрөлд анх удаа тэргүүлж, “Дэлхийн цом”- ын аваргаар тодорсон юм. Тэрбээр 2018-2023 онд БНСУ-ын Агаарын цэргийн сургуульд нисэхийн инженер, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэжилтнээр суралцаж, алтан медальтай төгсжээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Ли Жун Собын нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тэмцээнд тэрбээр тэргүүн байр эзэлж байсан аж. Тухайн үед сайд Ли Жун Соб түүнд баяр хүргэж, сурч мэдсэн зүйлээ эх орондоо амжилттай хэрэгжүүлэхийг хүсжээ.