Хаврын чуулган хаахын өмнө УИХ Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Үүнд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх тухай зохицуулалт оруулсан юм. Энэ шийдвэрийг иргэдийн зүгээс буруушааж, нийгмийн сүлжээгээр багагүй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл хуулийн уг заалттай холбоотой гомдлыг иргэн О.Батхүү өнгөрсөн сарын 31-нд Үндсэн хуулийн цэцэд гаргасан аж. Гэвч Нийгмийн даатгалын багц хууль хүчин төгөлдөр болж амжаагүй учраас Үндсэн хуулийн цэцээс түүний гомдол, мэдээллийг хэлэлцэх боломжгүй гэж үзэн буцаажээ. Мөн Цэцэд гомдол гаргахтай холбоотой, хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангаагүй гэж үзсэн байна.
Нийгмийн даатгалын багц хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Үүнээс өмнө эдгээр хуулийн эцсийн найруулгыг хийж, УИХ-ын дарга ёсчлох ёстой. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ. Ерөнхийлөгч хуулийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан хориг тавих, эсэхээ шийдэхээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заажээ. Улмаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлж, олон нийтэд танилцуулах үе шаттай юм.
Хуулийг ёсчлоогүй, Ерөнхийлөгч хориг тавих, эсэх нь ч шийдэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй үед Үндсэн хуулийн цэц үүнтэй холбоотой гомдлыг хэлэлцэх боломжгүй байдаг аж.